З.Баянсэлэнгэ: Намайг шалгах гэсэн нэг ч хүн ирээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-05 19:09:41

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд өөрийг нь АТГ-аас шалгаж байна гэсэн мэдээлэлд хариу тайлбар хийлээ.

Тэрбээр, “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой намайг шалгаж байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Намайг шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй. Утсаар ярьсан ч хүнгүй. Тиймээс надтай холбоотой асуудлаар тайлбар өгөөч гэсэн албан бичгийг АТГ-т хүргүүлэх гэж байна.

Ер нь би аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаагүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байсан. Миний байр суурь улс төрийн фракц, намын тоглоом болох ёсгүй гэж бодож байна. Хэрэв намайг буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол шалгуулахад бэлэн” гэлээ.

"Танай намын сайдыг АТГ шалгаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад З.Баянсэлэнгэ сайд, "Надад мэдээлэл алга. Энэ бол цэвэр улс төрийн явуулга, захиалга байсан юм болов уу гэсэн хардлага төрж байна" гэсэн хариултыг өгөв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

相关新闻