ХУД-т түүхий нүүрсний хэрэглээг 2470 тонноор бууруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХУД-ийн 180 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбосон байна.
Ийнхүү нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Яармаг орчмын 20 халаалтын зуухнаас хангагддаг нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбох ажил бүрэн хийгдэж дууслаа.
Энэ газрууд дулаан хангамжид холбогдсоноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлыг 115.2 тонноор багасгах юм.
Цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Их засаг их сургууль, Маахуур толгой, Амгалан дулааны станц, Баянхошуу орчмын халаалтын зуухнуудыг зогсоож, 68 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох зорилт тавин холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж байна.
Д.Өлзий