Жүдоч Д.Сумъяа, М.Уранцэцэг нар жиндээ чансааг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Будапешт-2017” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж жүдочдын дэлхийн чансаа шинэчлэгдсэн бөгөөд Д.Сумъяа, М.Уранцэцэг нар өөрсдийн жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа энэ удаад “Дэлхийн аварга” болсон амжилтаар чансаагаа 2000 оноогоор нэмснээр нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр байна. Түүний араас 3930 оноогоор Японы бөх Ёшида Цукаса удаалан 3360 оноотой Францын бөх Хэлэн Рэсэвүкс гуравт жагсчээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноог өөртөө нэмж тэргүүн байраа эргүүлэн авсан байна. Энэ жинд тэргүүлж байсан Казакстаны бөх Г.Отгонцэцэг 4390 оноогоор удаалан Японы бөх Тонаки Фуна 3632 оноотой нэхэж байгаа юм.
Д.Өлзий