Хууль бусаар тээвэрлэж явсан 20 тарвагыг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-11 12:21:10
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хот суурин газар тарваганы мах зарах явдал байнга гарч байгааг таслан зогсоох, хулгайн агналттай тэмцэх, төв суурин руу тарваганы мах, түүхий эдийг нэвтрүүлэхгүй байх захирамжийг гаргажээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Мөрөн сумын ойролцоох гурван цэгт хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцсон эргүүл гарч, хууль бусаар тарвага тээвэрлэж буй иргэдийн 20 орчим тарвагыг хураан авч устгалд оруулжээ. Мөн иргэд хууль бусаар авч явсан тарвагаа нуух, өөр иргэдээр зөөвөрлүүлэх гэсэн тохиолдлууд нэг бус удаа гарсан байна. Ялангуяа орон нутгийн зорчигч тээврийн жолооч нарт тарвага гэж хэлэхгүй хайрцаг сав боодолд баглан явуулсан нь хяналт шалгалтаар илэрч байгаа ажээ.

Б.Гантуяа 
相关新闻