Сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-нд үзлэг, шалгалт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-11 15:20:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн автобуснуудад нэгдсэн үзлэг, шалгалт явуулжээ.

Өнгөрсөн онд нийт 107 хүүхдийн автобус бүртгүүлснээс 82 нь энэ жилийн үзлэг шалгалтад хамрагдсан байна. Шалгалтын үеэр автобуснуудын суудлын бүс нь эвдрэлтэй байхаас эхлээд хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тиймээс Нийслэлийн тээврийн газраас сургууль цэцэрлэг болон тухайн автобусны жолооч нарт зөрчлөө арилгах талаар албан мэдэгдэл хүргүүлж, ирэх сарын 01-ны дотор дахин үзлэг, шалгалт явуулахаар болжээ.

Мөн үеэр төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд, хүүхдийн автобусны жолооч нарыг хамруулан уулзалт зохион байгуулж, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын талаар мэдээлэл өгчээ.

Уг стандартад Хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руу буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлага тавьдаг байна.

Ч.Ариунболд
相关新闻