Автомашины захуудыг нүүлгэн шилжүүлэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-12 12:40:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” (АХЦБЭЭАХХ)-ноос авто худалдааны захуудыг хотын төвөөс гаргах ажлыг шуурхай зохион байгуулахыг ЗТХЯ, НЗДТГ-ийн хамтарсан ажлын хэсгээс шаардлаа.

Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой Автохудалдааны цогцолбор өнгөрсөн сарын 24-нөөс үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотод байгаа автомашины зах, завсарын газруудыг тус цогболборт нүүлгэн шилжүүлэх зорилго бүхий ЗТХЯ, НЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч өнгөрсөн хугацаанд захуудыг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлэх чиглэлд тодорхой шийдвэр гараагүй юм. Тиймээс автомашины захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэхийг шаардаж байна хэмээн АХЦБЭЭАХХ-ны тэргүүн П.Бадрал хэллээ.

Тэрбээр, “Бид гурав хоногийн өмнөөс zaluu.com цахим хуудсаар дамжуулан автомашины захуудыг хотоос гаргах нь зөв эсэх талаар иргэдээс санал асуулга явуулж байна. Одоогоор санал асуулгад оролцсон иргэдийн 1000  гаруй иргэний 96.2 хувь нь “Нүүлгэх нь зөв” гэсэн байна.

Автомашины захууд нийслэлийн автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдолд ихээр нөлөөлдөг. Тиймээс эдгээр захуудыг нүүлгэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻