“Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд 90 мянган тонн хог хаягдал цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-18 13:53:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах зорилго бүхий “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян өнөөдөр өндөрлөв.

Аяны хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 мянга 396 аж ахуйн нэгж байгууллага, 25 мянга 924 иргэн 60 мянга гаруй ам метр талбайн 90 мянган тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Түүнчлэн хороод болон аж ахуйн нэгж байгууллагууд хогийн цэг дахин үүсгэхгүй байх тал дээр анхаарч ард иргэддээ олон төрлийн шинэ санал санаачлага гарган ажиллалаа. Тухайлбал: Цэвэрлэсэн хогийн цэгүүдийг шинээр цэцэрлэгжүүлэх, тоглоомын талбай болгох, камержуулах зэрэг ажлуудыг хэд хэдэн хороод хэрэгжүүлэн ажилласан байна.

Аяны төгсгөлд шилдэг хороодыг шалгаруулж урамшууллаа. Орон сууцны хороолол дундах хоггүй шилдэг хороогоор Д.Оюунцэцэг даргатай 15 дугаар хорооны хамт олон шалгарсан байна. Харин гэр хорооллын шилдэг хороог С.Очир даргатай зургадугаар хороо тэргүүлж, Д.Ундармаа даргатай 11 дүгээр хороо удаалжээ. Мөн шилдэг хог тээвэрлэгч байгууллагаар С.Мөнхбат даргатай “Тээвэрлэлт үйлчилгээний төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”, Шилдэг СӨХ-оор Ц.Мөнгөнсэлэм даргатай “Гэрэлт цом” холбооны хамт олон тус тус шалгарлаа.
 
Ч.Ариунболд
相关新闻