“Хүрхрээ үндэсний лиг”-ийн 120 саяын эзэд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ногоон талбайд өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 30-нд 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлын шигшээ тоглолтууд болж шилдгүүдээ тодруулж хаалтаа хийлээ.
МХБХ, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү лигт “Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар, “Хоромхон”, “Унаганууд” гэсэн Монголын хамгийн шилдэг 10 клуб бүтэн таван сарын турш эн тэнцүү сонирхолтой тоглолтоор хөгжөөн дэмжигчдээ догдлуулсан билээ. Шилдэг багуудын ширүүн өрсөлдөөний эцэст “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргаар “Эрчим” клуб дахин шалгарч, шилдгийн шилдэг гэдгээ баталлаа.
МХБХ, “Арвайн үндэс” ХХК-тай 500 сая төгрөгийн гэрээ байгуулж, үндэсний лигийг “Хүрхрээ” хэмээн нэрлэх болсноос хойш “Эрчим” клуб ийнхүү гурван жил дараалан түрүүлж байна. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” баг 40 сая, дэд байр эзэлсэн “Улаанбаатар сити” баг 30, гуравдугаар байрт шалгарсан “Атлетик 220” баг 20 сая төгрөгийн эзэд болж алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тус лигийн 4-10 дугаар байрт шалгарсан багууд уламжлал ёсоор шагналаа гардан авсан юм.
Үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим” дээд лигт гурав дахь удаагаа дараалан түрүүлж түүхэнд бичигдэх содон амжилтын эзэд болж байгаа бол “Улаанбаатар сити” анх удаа үндэсний лигээс медаль хүртэж, “Атлетик 220” клуб дээд лигт өрсөлдсөн анхны жилдээ хүрэл медалийн эзэд болж, амжилтын түүхэн хуудсаа эхлүүлж байна. Мөн “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т түрүүлсэн "Арвис", дэд байрт орсон "Жипро" багууд ирэх жил “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дэвших эрхээ гардсан юм.
"Хүрхрээ үндэсний лиг" үргэлжилсэн таван сарын турш хамгийн шударга тоглосон багт олгодог “Fair play” шагналыг “Дэрэн” клуб хоёр дахь удаагаа хүртлээ. Улаанбаатар Сити клуб, энэ үеэр өөрсдийн багийн энэ улирлын шилдгээр хагас хамгаалагч Г.Гантогтохыг тодруулж, автомашинаар урамшуулан шагнасан юм. Харин “Атлетик 220” клуб, довтлогч Н.Наранболдод 1 сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр гардуулав.
“Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг тоглогчдыг шалгаруулахад, “Эф Си Улаанбаатар” клубын хаалгач Остин Рожерс шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ. Хамгаалалтын бүсийн шилдгээр улсын шигшээ баг болон “Улаанбаатар сити” клубын баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатар тодорсон.
Шилдэг хагас хамгаалагчаар “Хүрхрээ үндэсний лиг-2016”-гийн шилдэг хагас хамгаалагч “Эрчим” клубын М.Төгөлдөр дахин тодорсон бол “Атлетик 220” клубын довтлогч Н.Наранболд 17 гоол оруулсан амжилтаар шилдэг мэргэн буучаар шалгарсан юм.
Харин дээд зэрэглэлийн тэмцээнийг хамгийн шударга дэнсэлсэн шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ хоёр дахь жилдээ тодорлоо. Анх удаа шалгаруулсан шилдэг туслах шүүгчийн шагналыг шүүгч Э.Галбадрах хүртсэн юм.
Ийнхүү Монгол Улсад хөлбөмбөгийн спорт хүүхэд, залуучуудын дунд улам эрчээ авч, олон улсын түвшинд хүргэхийн төлөө МХБХ-ноос болон дэмжигч компани, аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачлага гаргасны үр дүнд манай тамирчдын ур чадвар жилээс жилд дээшилж байна. Үүний нэг тод илэрхийлэл бол “Хүрхрээ үндэсний лиг”-ийн багууд бүтэн таван сарын турш ширүүн өрсөлдөөнийг өрнүүлж, тамирчдынхаа хурд, хүч, ур чадварыг нь ахиулж ирсэн гайхалтай тоглолтууд билээ.
Д.Өлзий