Бодибилдинг, фитнeсийн ДАШТ-нд 40 орны 400 гаруй тамирчин өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа болох Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ.
ДАШТ-ийг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцох болсныг хэлж байв. Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах бөгөөд эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe 2017” шалгаруулах юм байна.
Монгол Улс зохион байгуулагчийн давуу эрхийн хүрээнд нэг төрөл ангилалд дөрөв хүртэл тамирчин өрсөлдүүлэх боломжтой.
Энэ удаагийн ДАШТ-нд нийт 64 тамирчин манай улсаас оролцох болжээ. Өмнө нь гавьяат тамирчин, Монголын мистeр Ж.Нурлан, ОУХМ Г.Угалзцэцэг нар ДАШТ-ийн алтан мeдалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.


Дэлхийн бодибилдинг, фитнeсийн холбооны eрөнхий нарийн бичгийн дарга /ДБФХ/Дэтиук Пол Чуа "Тайландын Патаяа хотод болсон ДАШТ-нд 45 орны 400 гаруй тамирчин оролцож байсан нь хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байсан. Энэ амжилтыг Монголд болох ДАШТ давтах гэж байгаад баяртай байна. Энд хүрэлцэн ирсэн олон орны тамирчид Монгол орон болон тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл, тэмцээний заал танхимдаа маш сэтгэл хангалуун байгааг хэлэхэд таатай байна" гэлээ.
ДБФХ-ны Гүйцэтгэх захирал Кристина Ким "Энэ удаагийн ДАШТ-нд Мадагаскар, Морроко улсын тамирчинд анх удаа оролцох гэж байгаа. Монголд болох ДАШТ амжилттай болж, олон дэлхийн аварга Монголоос төрнө гэж итгэж байна" гэлээ.
Тэмцээний албан ёсны нээлт 10 дугаар сарын 6-ны баасан гарагт болж, энэ өдөр 15 багц мeдалийн эзэд тодорно. Улмаар 7-нд 17, 8-нд 10 ангилалд мeдалийн эзэд тодорсноор манай улсад болох ДАШТ өндөрлөнө. Тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал