Гааль татварыг нэгтгэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдав.
Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ үеэр “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төрийн албаны тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгтэй нийцүүлэх үүднээс бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналыг гишүүдийн дийлэнх хувь нь дэмжлээ. Ингэснээр бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ 2 сая 700 мянган төгрөгөөс 3 сая 300 мянган төгрөг байхаар болов. Түүнчлэн гааль, татварын байгууллагыг нэгтгэхтэй холбогдуулан УИХ-ын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар” гэснийг “Гааль, татварын ерөнхий газар” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан төсөвтэй байхаар хуульчилсан заалтыг хасахаар тусгагдсаныг дэмжих боломжгүй тул төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын албыг 2016 онд одоо байгаа бүрэлдэхүүнээр нь ажиллуулах шаардлагатай байгаа тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ. Усны сав газрын захиргаад, Ойн судалгааны хөгжлийн төв, Мал хамгаалах сан, Байгаль хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах төслийг буцаахаар болов.
Түүнчлэн Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцааж, гааль, татварын байгууллагыг нэгтгэхээр шийдвэрлэсэнтэй уялдуулан Засгийн газраас холбогдох хуулийн төслийг яаралтай боловсруулж оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ.