Д.Хаянхярваа: Бодлогын алдаагаа Үндсэн хууль руу чихэж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-11 13:25:28

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа оролцож, ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой, буруу хазгай хандвал төрийн хямралд хүргэх эрсдэлтэйг онцоллоо. Энэ үеэр Д.Хаянхярваа гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаярт холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдийг онцлон дурдлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчийн хүсэлтээр биш УИХ-ын хүсэлтээр өргөн мэдүүлдэг гэсэн хариу өгчээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас ирүүлсэн албан бичигт "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлах үеэс эхлэн эцэслэн батлах бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцог хангаж, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог бодитойгоор олгож, ил тод байдлаар явуулахыг хуульчлан заасан"-ыг онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүх төвшинд зөвшилцлийг хангах шаардлагатай гэсэн утгатай албан тоот өгсөн байтал Н.Батбаяр нарын гишүүдийн санаачлан өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл энэхүү шаардлагыг хангахгүй байна гэж Д.Хаянхярваа гишүүн мэдээллээ.

Мөн ХЭҮК-оос ирүүлсэн бичигтээ уг төсөл нь "Засгийн газар ганцхан Ерөнхий сайд биш учраас парламентын засаглалтай манай орны хувьд Үндсэн хуулийн гол үзэл баримтлалтай зөрчилдөх болно" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс эцэг хуулиа өөрчлөх асуудалд нухацтай хандах ёстойг Д.Хаянхярваа гишүүн онцлов. Үүний зэрэгцээ ард нийтийн санал асуулгыг өвлийн хахир хүйтнээр явуулах нь тохиромжгүй, санал асуулгыг "хар машин"-аар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ "Эрх баригчид давчуу хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн, засаглалын хямралд орсон, Засгийн газрын нэр хүнд унасан, хариуцлага алдсан, ард түмэн ядуурсан, ажилгүйдэл нүүрлэсэн зэрэг сүүлийн гурван жилд эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас үүдэлтэй хямралыг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна. Болж бүтэхгүй байгаа бүх алдаагаа Үндсэн хуулиас хайх хэрэггүй" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻