Долоон жилийн хугацаанд хоёр сая гаруй мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-14 08:10:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2010 - 2017 оны хооронд нийт 2 сая 22 мянга 538 ширхэг мод, сөөг тарьсан байна. Энэ жилийг "Мод арчилгааны жил" болгож байгаатай холбогдуулан өмнөх жилүүдэд тарьсан мод, сөөгөнд цэнэг усалгаа хийх, тогоог нь цэвэрлэх, хөрсийг сийрүүлэх, арчлан хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагуудаас  уриалав.

Түүнчлэн намрын мод тарих өдрийг угтан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн ойд, ургаа модонд уясан хадгийг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. 

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн  хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн 34 дүгээр сургуулийн орчимд мод тарина. Харин бүх нийтээр мод тарих нээлтийн ажиллагаа 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд энэ үеэр нийслэлийн удирдлагууд мод тарих юм байна. 

Б.Заяа


相关新闻