Хогийн нэгдсэн цэгийг хяналтын камертай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-19 16:01:24
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний анги аймгийн төвийн нэгдсэн хогийн цэгийг хяналтын камертай болгож, байгаль орчныг хамгаалах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд нөлөөлөх арга хэмжээ авч эхэллээ.
-Хяналтын камер тавьснаар хог тээврийн машины тээвэрлэлтийн тоо болон тэвшний дүүргэлтийг хянах боломжтой болж хоёр диспетчерийн орон тоо хэмнэж байна. Энэ хүмүүсийг хог цэвэрлэх, төлбөр хураамж барагдуулах зэрэг ажилд шилжүүлэн ажиллуулна гэж Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Д.Баасанжаргал ярьсан юм.
Булган сумын хогийн нэгдсэн цэгт тавьсан камер 5-10 км-ийн тойргийн нутаг дэвсгэрийг хянах боломжтой учир зориулалтын бус газар хог хаягдал хаях, голын сав газар машин угаах зэрэг зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авахад ашиглах гэнэ.
Мөн аймгийн төвийн ойролцоо газраас дур мэдэн элс хайрга зөвшөөрөлгүй олборлох зөрчлийг илрүүлэх таатай боломж бүрдлээ гэж сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батсайхан үзэж байна.
М.Батжаргал
相关新闻