“Хөдөлмөрийн яармаг” ирэх долоо хоногт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Булган суманд болох “Хөдөлмөрийн яармаг”-т жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс оролцож үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргах юм байна. Мөн сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт салбар хорооны гишүүдийг хамруулсан чадавхжуулах сургалт зохион байгуулах аж.
Энэ яармагийг зохион байгуулснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн чадавхийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжийг дээшлүүлэн ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж зах зээлийг өргөтгөнө гэж зохион байгуулагчид үзэж байна.
М.Батжаргал