Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил бага насны хүүхэд хүчингийн хэргийн золиос болох нь багассан ч, хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн байна.
Аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Мөнхбат:- Аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 2016 онд хоёр үйлдэгдэж байсан бол энэ жилийн эхний 10 сарын байдлаар нэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Баяннуур суманд долоо хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэргийн шалтгаан нөхцөлийг судлаад үзэхээр хүүхдийг танихгүй хүнд итгэж, харуулахаар үлдээснээс болж гарсан байсан. Цагдаагийн байгууллага яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна гэж ярив.
Тус аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 28,6 хувиар өсч долоон гэмт хэрэг гарчээ. Хөнгөн гэмт хэрэг хоёр, хүндэвтэр гэмт хэрэг нэг, хүнд гэмт хэрэг гурав, онц хүнд гэмт хэрэг нэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай байна. Ангиллаар авч үзвэл бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг гурав, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг гурав, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэрэг нэг гарсан байна.
Энэ онд гэмт хэргийн улмаас 12 хүүхэд хохирсон гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.
М.Батжаргал