Ж.Гөлгөө: Буцалтгүй тусламж гэхээсээ илүү ажлын байраар хангахад түлхүү анхаардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-23 13:08:37
Ховд/МОНЦАМЭ/ МоЭнКо ХХК-ийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхлэсэн захирал Ж.Гөлгөө гуайтай уулзаж уул уурхайн компанийн орон нутгийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалтын ярилцлаа.

-Танай компанийн 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа гэж дууллаа. Энэ хугацааны үндсэн ололтыг товчлон дурдвал Та юу хэлэхсэн бол? 
-Хөшөөт нь баруун бүсээс нүүрс олборлогч томоохон төсөл болж эдүгээ экспортынхоо хэмжээгээр Монголд зургаад жагсаж байна.
-Ховдчууд Хөшөөтийн уурхайн талаар сайн мэднэ. МоЭнКо –гийн талаар ойлголт муутай. Компанийхаа талаар тодруулж өгнө үү?
 -Монголд бүртгэлтэй МоЭнКо ХХК нь  Гонконгийн МЕС (Монголиа Энержи Корпорайшн)-ний 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Харин Хөшөөт нь МоЭнКо-гийн харъяа уурхай гэж ойлгох хэрэгтэй. МЕС нь Гонконгийн хөрөнгийн бирж дээрх нээлттэй хувьцаат компани бөгөөд Монгол дахь нүүрсний бизнес нь түүний үйл ажиллагааны нэг л чиглэл юм.
-Төслийн хүрээнд ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ?
-Хөшөөт ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2007 онд шилжүүлэн авмагцаа нэмэгдэл хайгуул хийж ордын нөөцийг шинэчлэн тотоох, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахаас ажлаа эхэлсэн. Мөн улсын хил хүртэлх 311 км хатуу хучилттай зам, ил уурхай, хуурай баяжуулах үйлдвэр, тоосжилтын хашаа, засварын цех, гараж, ажилчдын кемп, дизель-цахилгаан станц, нүүрс- химийн лаборатори, гаалийн хяналтын талбай зэрэг байгууламжийг 2014 он гэхэд үндсэнд нь байгуулж дуусаад байнгын экспортоо эхэлсэн. Төсөлд нийтдээ 550 сая орчим ам. долларын хөрөнгө оруулаад байгаа л даа.
-Орон нутгийн хөгжилд төсөл ямар нөлөө үзүүлж байна гэдэг ховдчуудын тухайд их чухал...?
-Өнгөрсөн оноор жишээлэхэд улсын төсөвт нийтдээ 5,09 тэрбум төгрөгийн татвар төлбөр оруулсны 940,4 саяыг нь Ховд аймгийнхад төвлөрүүлсэн байдаг. Мөн 2016 онд экспортолсон нүүрснээс тодорхой итгэлцүүрээр тооцож 267,9 сая төгрөгийг Ховд Хөшөөт Хөгжил санд хандивласан.
2016 онд аймгийн харъяаллын 85 байгууллага, иргэдээс 16 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан нь орон нутгийн эдийн засгийн тэлэлтэд Төслийн зүгээс үзүүлж буй эерэг нөлөөлөл юм. Ховдчууд эдүгээ манай экспортын тээврийг бүхэлд гүйцэтгэхийн сацуу хөрс хуулалт, нүүрс олборлолт, замын арчилгаанд оролцосноороо аймгийн эдийн засагт уул уурхай хэмээх шинэ салбар үүсэн хөгжиж эхэллээ гэхэд болно.   
-Аймаг болон МоЭнКо ХХК хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ирсэн гэж дуулсан, түүгээр ямар асуудал шийддэг юм бэ?
-Хууль дүрмийн хэмжээнд нарийвчлан тусгагдаагүй гэсэн хэрнээ Төслийн хэвийн хэрэгжилт болон орон нутгийн хөгжилд ач холбогдолтой асуудлууд уг гэрээнд тусгалаа олдог л доо. Жишээ нь, нийт ажиллагчдын 70-аас доошгүй хувийг орон нутгаас бүрдүүлэх заалттай. Тэгэхлээр өнөөдрийн байдлаар төсөлд ажиллаж буй 1058 хүний  700 гаруй нь ховдчууд гэсэн үг.
Манай экспорт цаашид хурдацтай өсөх тул Ховд Хөшөөт Хөгжил санд орох хандив наанадаж жил бүр 700-800 сая төгрөгт хүрэх тооцоо бий.
-Хөшөөт төслийн хувьд байгаль орчны асуудал ямархуу байдаг вэ?
-Хариуцлагатай уул уул уурхайн зарчмаар ажиллах нь бидний тэргүүлэх зорилтын нэг. Уурхай орчмын агаар, хөрс, усны чанарын мониторингийг тогтмол хийж ирсэн бөгөөд тэдгээрийн үзүүлэлт Монгол Улсын хууль, стандартаар тогтоосон хэм хэмжээнд бий. Манай төсөл байгаль хамгаалах чиглэлээр хэд хэдэн шинэлэг зүйл нэвтрүүлсэн. Жишээ нь, хуурай баяжуулах үйлдвэрийг тойруулан тусгай зориулалтын тоосжилтыг бууруулах хашаа барьсан. Энэ оноос мананжуулах төхөөрөмж ашиглаж байна. Түүнчлэн тээврээ эхлэхээс өмнө хатуу хучилттай зам барьсан, түүгээр нутгийн иргэд чөлөөтэй, төлбөргүй зорчиж буйд орон нутгийнхан талархалтай ханддаг. Дүйцүүлэн хамгаалах хүрээнд сүүлийн хоёр жилд аймгийн төв, Дарви, Цэцэг суманд 30 гаруйд га газарт мод тарив.
-Яг уурхай байрлаж буй сум, багт тусгайлсан дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?
-Буцалтгүй тусламж, мөнгө төгрөг гэхээсээ илүү ажлын байраар хангах, мах, сүү, ногоо худалдан авах, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь түлхүү анхаардаг. Жишээ нь, энэ хавар 200 га талбайг хашаажуулснаар Дарви сумын Мөрөн багийн ногоочдын ургац мэдэгдхүйц нэмэгдсэн. Цэцэг сумын Хөшөөт багийн 200 гаруй айл өрхийг ус, цахилгаанаар үнэгүй хангадаг бөгөөд энэ нь тэдний хуримтлалыг дэмжиж буй хэрэг юм. Энэ оноос орон нутагт нийлүүлэх нүүрсийг өмнөх жилүүдээс 40 шахам хувиар хямдруулахаар тохиролцсон байх жишээтэй.   
                                                                        А.Бямбасүрэн
相关新闻