Чойрын таван ботид мэргэшсэн З.Агваанбалдангийн гавьяаг мөнхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-26 17:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олноо “Эрдэнэ Тунгалаг цорж” хэмээн алдаршсан Дорнын гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан “Чойрын таван ботиор мэргэшсэн их ухаантан” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш Гандантэгчинлэн хийдийн Шашны дээд сургуульд зохион байгуулна.

Энэ талаар өнөөдөр ШУА, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Галшар сумын Нутгийн зөвлөл,  Гандантэгчинлэн хийдээс хамтран МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Эрдэм шинжилгээний хурлыг Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн энэхүү хүний үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ өвлүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулж буй юм.

 

З.Агваанбалдан нь XIV жарны цагаагчин туулай жил Төвдийн Лхас хотноо Буддын гүн ухааны Линсрай гавжийн зэрэг хамгаалж, 1836-1847 онд Их хүрээний цоржийн өндөр албан тушаал хашиж байхдаа шашин номын бүхий л үйл хэргийг удирдан зохион байгуулж байжээ. Тэрбээр тайлбарлагч төдийгүй философийн бие даасан олон бүтээл туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсан бөгөөд том жижиг хэмжээний 96 зохиолоос бүрдсэн 6 боть ном, тайлбар бүтээжээ. Түүний зохиосон Гунгаачойлин, Дашчоймпэл чойр буюу гүн ухааны дацангийн лам нарын ухааныг задлах, хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “Парчин Жийдэн” гэх агуу бүтээлийг туурвин, Халх монголын бурханы шашны лам нарын дэг журам, жаяг, сахил санваарын гол ном болох “Дүйцэг” хэмээх бүтээл, Их хүрээний лам нарт сахил хүртээх уншлага чого чагминг зохиосон байна.

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Хатанболд хэлэхдээ, “Агваанбалдан судлал буюу Агваанбалдангийн буддын гүн ухааны уг чанарт монгол хүний сэтгэлгээний өөрчлөлт, цар хүрээг өнөөдрийг хүртэл бидэнд өв уламжлан авч ирснээрээ “Эрдэнэ Тунгалаг цорж”-ийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэж үздэг. Агваанбалдан бол Чойрын таван ботийг төгс эзэмшсэн, саруул ухаантай, төгс төгөлдөр, аливаа зүйлийг сэтгэлгээний  өвөрмөц онцлогоор илэрхийлснээрээ энэхүү цолыг хүртсэн” хэмээн тодотгов.

 

Хуралд Монгол, ОХУ, Тува, БНХАУ, ӨМӨЗО, ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэх аж.
 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻