Багшийн цалингийн асуудлыг эцэслэн шийдэж Засгийн газарт оруулахаар тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-30 12:59:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос  хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Уулзалтын дүнд Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй түр хорооноос өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болж, тохиролцсон байна.
Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд хэлэхдээ, Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа гэдгийг тодотгоод, 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Үүнд багш, эмч нар орж буй. Тиймээс эхлээд ажил хаялтаа зогсоож, асуудлыг шийдэх саналын дагуу Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг хэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” гэв.


Харин Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос “Бид өнөөдөр ямартай ч хэлэлцээрээ амжилттай эхлүүлж чадлаа. Багш нарынхаа хоёр өдрийн цалинг шийдүүлсэн. Маргаашнаас гурван яам, багш нарын төлөөлөл БШУҮЭХ-ны хамтарсан ажлын хэсэг энэ 7 хоногт багшийн цалин хөлсний асуудлыг эцэслэн шийдэж Засгийн газарт оруулахаар тохиролцлоо” хэмээв.
Ж.Болор
相关新闻