Хат суусан амьдралаас хайр урссан он жилүүд /хөрөг нийтлэл/

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-05 02:28:21
Улаан нуурын захаас Утга зохиол руу хөтөлсөн хүүхэд нас
Хорвоо ертөнцтэй анх танилцахдаа тэрээр Мандал-Овоо сумын Улаан нуурын захад нутгийнхаа зэрэглээнд тоглох хэдэн хайлаасыг ширтэн холын тээвэрт явсан аавыгаа харуулддаг байсан дурсамж сэтгэлд нь үлджээ. Аавыгаа хүлээж хаанаас хэзээ ирэхийг нь шалгаах хүүдээ ээж нь тэр хэдэн хайлаасыг аав нь ирж байна гээд хэлчихсэн учир санааг нь дагаад зэрэглээнд наадах хайлааснууд наашлаад ч байгаа юм шиг догдлуулдаг байсан нь өдгөө түүний бяцхан насны гэгээн бөгөөд ертөнцийг дөнгөж л таньж явсан дурсамжуудынх нь өнгөт нэгэн хэсэг. Алсын барааг харуулдан нутагтайгаа анх танилцсан хүүгийн өдгөөгийн  уужуу ухаанаар орчлонг харах мэлмийг нь ч нээсэн байх магад... 
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улаан нуур бригадын төвийн цэцэрлэгт үеийнхэнтэйгээ шуугиж, тал нутгийн уудам саруулд өссөн энэ хөвүүн өнөөдрийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сайнбуян юм. Аав ээжээсээ дөрвүүл тэрээр нэг эгч, хоёр дүүтэй. Эрэгтэй дүүтэйгээ тоглож бас бужигнаж ойр өссөн тухайгаа дурсаад, одоо ч дотно байдгийн нууц нь бага насандаа сэтгэл дүүрэн гэрэлт дурсамжуудыг хамтдаа өнгөрүүлсэнтэй холбоотой нь тэр аж.
Тал нутгаас ертөнцөд сэтгэлийн нүдээ нээсэн хүү таван настайдаа гэр бүлээрээ аймгийн төв рүү нүүж,  Даланзадгадын айл болсон нь түүний амьдралд нэгэн шинэ түүхийн хуудсыг нээжээ. Тухайн үеийн ЗИЛ-130 машины тэвшин дээр гэрээ ачаад, ачаан дээр сууж аймгийн төвийн хойд зүгээс орж ирэхэд бригадын төвөөс нь том суурин газрыг хараад өөрийн эрхгүй сүрдэж байжээ. Тэднийхийг нүүж ирсэн жил ногоо дэлгэр сайхан байсан ч юм болов уу таана, хөмүүл сугсарсан битүү ногоон тал, бараа сүрээ гайхуулсан Гурвансайхан уул дүнхийж харагдсан нь  хангай нутагт ирж байгаа мэт сэтгэлд нь буусан гэдэг. Тиймдээ ч говьд ургасан хангай Говь гурван сайхан уулаа дээдэлж явдаг нэгэн.
Аймгийн төвийн хүүхэд болсноос хойш нэг их удалгүй 1986 онд эрдмийн их өргөөний босгоор алхан оржээ. Аав нь түүнийг сургуульд нь хүргэж өгсөн өглөөг тэрээр мартдаггүй гэсэн юм. Аав нь ч хүүхдүүдийнхээ сэтгэлд дотно үлдээх ийм дурсамжуудыг хамтдаа бүтээлцсэн хүн. Сургуулийн чимээтэй зэрэгцэн аав, ээж нь хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж байсан тэрхүү агшин дахь шинэхэн дүрэмт хувцас соньхон байснаас гадна шинэ даавууны үнэр одоо ч түүний сэтгэлд гүн шингэн үлджээ. 
Дөнгөж сургуулиа дүүргэж ирсэн н.Энхжаргал багшийн удирдлагад үеийнхээ олон багачуудтай номын их өргөөнөөс эрдэмд шамдан эхэлжээ. Аав, ээжийнх нь хөдөлмөрч зан жаалхан хүүд нөлөөлсөн үү хичээлдээ идэвхийлэн суралцаж, салааны дарга болж, галстугаа эмжин, “онц сурлагатан” болж ангийнхныгаа манлайлах болов. Мөн хурдан уншлагын аваргаар тодорч нэгээс гуравдугаар ангидаа 100-300 гаруй үгийг уншиж ангиасаа шалгаран тэмцээн уралдаанд оролцож шагналуудын эзэн болж явав. Тэрхүү үеийнх нь дурсамжаас хэзээ хойно багш нь хуваалцжээ. Тухайн үед ангийхнийх нь хичээлийг давтуулсан 10 дугаар ангийн охин түүнийг минутад ийм олон үг уншина гэж байхгүй хэмээн зэмлээд авчээ. Хурдан уншлагын аварга хүн чин сэтгэлээсээ уншсан байтал ийнхүү хатуухан зэмлэл хүртэж, тэсэлгүй уйлчихсан зогсож байхад багш нь ер нь ингэж уншдаг хүүхэд байгаа юм хэмээн шавиараа бахархаж зогссон түүх тэртээд үлдсэн ч өнөөдөр энэхүү дурсамж амилан багш нь бүтээлдээ энэ талаар дурссан байдаг. 
Уран зохиолын номыг хичээлд үзэхээс өмнө бүгдийг нь уншаад, хамаг шүлгийг нь цээжилчихсэн  хүү багшдаа урьдчилаад асуугдчих уу хэмээн омогшиж бас гайхуулж явсан удаатай. Сүүлдээ уран зохиолын хичээлийн номоос хальж том том романууд унших болсноор утга зохиол руу тэмүүлж эхэлжээ. Сайнбуян хүүг ном уншаад суухад аав, ээж нь гэрийн бүх ажлаас чөлөөлчихдөг байв.
Дөрөвдүгээр ангиасаа эхлэн хичээл дээрээ шүлэг бичиж багш нараасаа урмын үг сонсож явсан нь яруу найраг руу хөтөлж эхэлсэн байна. Ахлах ангийн сурагч ахуй үеэсээ аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд орж шагналт байруудад шалгарч, найз охиндоо зориулан шүлэг тэрлэж явсан хүүд 10 дугаар ангиа дүүргэхэд нь Утга зохиолын дээд сургуульд орох урилга ирж байсан ч тухайн үед цагдаа болно хэмээн мэргэжлээ сонгочихсон байсан тул тус сургуульд яваагүй аж. Гэхдээ л тэр эрхэм Утга зохиолын их өргөөндөө ойрхон хэвээр явна. 
 
Аав ээж, нутаг гуравтайгаа амин холбоотой хүү
Түүний аав Найдандоржийн Баясгалан тээврийн жолооч байв. Дотогшоо мэт хэр нь хүүхдүүдийнхээ нандин бодлуудыг амилуулах гэж, ажилтай хөдөлмөрч хүмүүс болгох гэж зорьж энэхүү бодолдоо ч хүрч чадсан буурал. Сайнбуян аавынхаа залуу насны тэгш сайхан бүхнээр нь бахархаж аав шигээ болох сон гэж боддог байв. Тээврийн жолооч аав нь бяртай, одоогийн бодибилдингийн тамирчин шиг булчин шөрмөстэй тул хөвгүүдийн л нэгэн адил  биширч, ааваараа бахархаж өсжээ. Мөн аав нь маш хөдөлмөрч төдийгүй шинийг санаачлагч байв. Бензин ховор зах зээлийн шилжилтийн үед гинжит тракторын моторыг ЗИЛ-130 машинд байрлуулан улсын ажлыг зогсоолгүй үргэлжлүүлж явсан удаатай. Өргөн хэрэглээний бараа ховор цагт саван хийхээр өөрөө туршиж үзсээр гэртээ саван үйлдвэрлэж өрх гэрийнхээ хэрэгцээг хангаж байсан аж. Хэдийгээр аавдаа хүрэхгүй ч ажил амьдрал дээр нь аавынх энэхүү зан чанар  хүүгээс нь заримдаа гарч ирэх үе байх.  Сайнбуянгийн ээж Лхагваагийн Насанжаргал Мандал-Овоо сумын Улаан нуурын бригадын цэцэрлэгийн эрхлэгч, багш байсан бөгөөд тэднийх аймагт шилжиж ирсний дараа эрүүл мэндийн салбарт насаараа ажиллажээ. Цэвэрч нямбай байх, гэртээ бүх л зүйлс байх ёстой газраа байхыг сургасан хүн нь түүний ээж. Ажилсаг хичээнгүй аав ээжийн зан одоо ч хүүд нь хадгалагдан үлдсэн болохоор ч тэрүү говь нутагтаа хоёр мянга гаруй модтой ногоон төгөлийг өөрийн гараар бий болгожээ. Энэхүү төгөлийн талбайд нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалж гэр бүлээрээ чөлөөт цагаа тэндээ өнгөрөөдөг аж
Тээврийн жолооч байсан аав нь хүүгээ дагуулаад эх орныхоо өнцөг булан бүрт очиж үзүүлсэн нь сэтгэлд нь үлдсэн тод гэрэл. Хүүгээ оюутан болохоор явахад нь аав, ээж нь Улаанбаатар хот руу хүргэж өгөхөөр явах замдаа аав нь машинаа зогсоон, хүүтэйгээ хээрийн салхи залгилж зогсохдоо тэртээх уулын бэл рүү зааж хүүдээ тэрийг харж байна уу гэв. Хараагаа тогтоон нэлээн хичээсний эцэст аавынхаа заасан зүгээс чоно олж харжээ. Аав нь “Хүүдээ чонын бараа харуулах л гэж зогссон юм. Чоно харвал эр хүний хийморь сэргэнэ” гэсээр цааш их хотын зүг хөдөлжээ. Тухайн үед аавынхаа энэ сэтгэлийг үл ойлгон гайхасхийгээд өнгөрсөн тэр үеийг өнөөдрийн өндөрлөгөөс харахдаа аавын минь ухаан ямар гайхалтай байж вэ хэмээн өөрийн эрхгүй хүндлэн бишрэх сэтгэл төрдөг гэж Б.Сайнуян дурссан юм. 
Тэрээр аав, ээждээ зориулан “Бурхад аав ээж минь” гэх дуун суварга босгож аав ээжийгээ дууныхаа клипэнд тоглуулан баярлуулаад авсан ухаант хүү.
Нутаг амьтай, амьдралын уужим ухаантай аавын хүү Гурвансайхан уулаа шүтээнээ хэмээн дээдэлж явдаг ажээ. Далангийнхаа голд эрхэлж өссөн хүү оюутан болж их хүрээг зориод өвлийнхөө амралтаар дэгжирхэж сонсогчийн дүрэмт хувцастайгаа автобусанд суучхаад нэлээн даарч л дээ. Харин сайхныхаа уулсын барааг хараад л дулаацах шиг болсон гэх. Их Алтайн төгсгөл өмнийн говьд сүндэрлэсэн говийнхоо хангайд сүсэлж бас залбирч явдгийн учир үйлс нь өөдөө байдаг биз ээ.
  
Хүүхэд насны үерхлээ хадгалж хожмын амьдралаа холбосон гэр бүл
Зуны амралт дуусаж ангийнхаа хүүхдүүд, сургуулиа санасан нөхөд хичээлийн шинэ жилээр цугласан 1991 оны намар тэдний ангид хоёрдугаар сургуулиас хэдэн хүүхэд шилжиж ирсэн байв. Хичээлдээ орохоор жагсаж зогссон хүүхдүүдийн хамгийн ард зогсож байсан тэр бор охин эдүгээ түүний хань Т.Дэлгэрмаа. 6 дугаар ангид орсон тэр жилийнхээ өвөл анх зориг гарган захидал бичин үерхэж эхэлсэн цагаас хойш 30-аад жилийг хамтдаа туулжээ. Хүүхэд насны нандин үерхлээс хөл ихтэй үймээнт хотын амьдралд ууссан нь нэг ангийн хоёрыг улам ойртуулж их сургуулийн оюутан ахуйдаа Сайнбуянгийнх гэх айлын галыг анх асааж. Гэнэн томоогүй хүүхэд насны үерхэл хэмээн ихэнх хүмүүс ярьдаг ч гэлээ анхны хайраа хадгалж, гал голомтоо бадраасан хос ховор биз. Үүгээр нь сэтгүүлч би Сайнбуянг зорьсон замаасаа буцдаггүй, няцдаггүй хүн юм гэж дүгнээд авснаа нуух юун.
Түүний хань мөн л хуулийн байгууллагад буюу сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ерөнхий шүүгчийн албан тушаалтай, гэр бүлээрээ хуулийг хэрэгжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ариун үйлсэд зүтгэж явна.
19 настай аав, хүүдээ зориулан шүлэг тэрлэж, ханьдаа баярласан сэтгэлээ шүлгэн хэлхээгээр илэрхийлж суусан цаг саяхан мэт... Сургуулиа дүүргэж ирээд суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж, хүүгийнхээ бага насыг багахан хамт өнгөрүүлсэн гэж харамсах... Өдгөө Сайнбуянгийн хүү Бодьсад хэдийнээ жигүүр дэлгэн аавын голомтоос гарч алсад эрдмийн аянд дөрөө жийжээ. Амьдралын тойрогт аавтайгаа хамтдаа өтлөх хүүгээрээ аав хүний хувьд бахархаж басхүү дотогшоо хайлж суудаг нэгэн.
Харин одоо тэрээр бага хоёр охин Бодьзаяа, Бодьзул нарынхаа дэргэд хамтдаа байж өсгөж орчлонд тэмүүлэх жаргалтай инээдийг нь харж аз жаргалаар бялхан явна. Хүүхэд бага насандаа л аав ээжийнхээ ачийг хариулчихдаг юм байнаа гэх бодол түүний дотоод ертөнц рүү урсах. Эл бодлынх нь үзүүрт аавынхаа өмнө эргэлдэх хоёр бяцхан гүнж нь тодрох. Гэртээ байх амар амгаланг мэдрүүлж, хиргүй тунгалаг инээд нь орчлонд түүнийг илүү ихээр аз жаргалд умбуулах аж. Тийм ч учраас хүүхдүүд минь одоо миний ачийг хариулж явна гэж боддог аав...
Гэргийнхээ хамт хатуу зөөлөн орчлонгийн аясыг сөрж бас даган урсаж явахдаа өөрийн бий болгосон гэр бүлээсээ халуун дулаан, гэрэл гэгээ, аз жаргал, ариун хайр бүхний дээдийг амсан яваа эр хүн, өрхийн тэргүүн, элбэрэлт эцэг ажгуу...
 
Шударгын төлөө цохилох зүрх нь түүнийг цагдаагийн ажилтан болгожээ
Муудалцсан хоёрын дийлдсэнийх нь талд зогсон өмөөрч, шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хүү хэнээс ч эмээлгүй шударга байхыг л эрхэмлэж явсаар Цагдаагийн дээд сургуулиа сонгон оюутан болжээ.
Үеийнхээ 130 гаруй эрчүүдийн  дунд орж цагдаагийн бэлтгэл хийж явахдаа нутгийнхаа нэрийг л унагахгүй юм шүү гэсэн бодол түүний сэтгэлээс гарч байсангүй. Тэдний дунд хөл алдвал Сайнбуян гэхээсээ илүүтэй Өмнөговийнхон гэж хэлүүлнэ гэдгээс нь болгоомжилж зүтгэж хичээж явсан болоод оюутан ахуйдаа нутаг нутгийн олон сайхан эрстэй найзууд болж өдгөө ч тэдний нөхөрлөл хэвээрээ явна.
Сургуулиа дүүргэж ирээд сумын хэлтсийн төлөөлөгчөөр очиход түүнд мэргэжлийн талаар хэлээд өгөх хүн байсангүй. Өөрөө л бие дааж бусдад амар тайвныг өгөх ёстой, хэн нэгэн хохирч үлдэх ёсгүй гэсэн үзэл баримтлалаа барьж ажилласан нь цагдаагийн ажлын амтыг улам ихээр мэдэрсэн гэх. Яахаа мэдэхгүй цөхөрч суусан хүн алдсанаа олоод, төрөөр хамгаалуулаад харах иргэний харц залуухан хэсгийн төлөөлөгч хүүд ажиллах их эрч хүчийг өгдөг байв.
Сумын хэсгийн төлөөлөгчөөр түүнийг ажиллаж байхад нэг айлын 24 тэмээ хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Тэр үед ямар ч байсан энэ хэргийг илрүүлнэ гэсэн ганцхан хүсэлдээ хөтлөгдөн 6000 шахуу километр замыг туулан байж хэрэгтнийг илрүүлж аймгийнхаа төвд хүргэж өгөөд эргэх тэр мөч, хэдийгээр алдсан малаа бүрэн аваагүй ч талыг нь олж авсан малын эзний харц одоо ч түүний сэтгэлд тодхон байдаг аж. Өмнө нь ч тэр одоо ч тэр ингэж олон бод алдсан хэргийг илрүүлсэн тохиолдол Өмнөговь аймагт гараагүй ажээ.
Сэжигтнийг барихаар сумын төвөөс явганаар 70 гаруй километр замыг туулан гэрт нь халуун хэвтэр дээр нь яваад орсон удаатай. Гэхдээ сэжигтнээ барьж чадалгүй алдчихаад зүдэрч явсан удаа ч түүнд бий.
Тэрээр сумдаар хэсгийн төлөөлөгчөөр хэдэн жил ажиллаад аймгийн төвдөө хэв журмын тасагтаа энэ хамт олонтойгоо тасгийн дарга болтлоо 12 жилийг үдсэн ба нийтийн хэв журам хамгаалах ажил нь дандаа иргэдийн төлөө гэсэн ажил үйлчилгээ байдаг томоохон баяр наадам, арга хэмжээнүүдийн хамгаалалт зохицуулалт, эргүүл хяналт шалгалт, бусад захиргааны үйлчилгээнүүд байдаг нь бахархал төрүүлдэг ба энэ нь хамт олны хүчээр зохион байгуулагдаж байдаг, баяраар гэртээ байж эсхүл иргэдийн адил баярлаж чадалгүй 20-иод жил болж дээ гэж харамсах зүйлгүйгээр өгүүлж байлаа. Мөн хамт олондоо баярлаж тэдэндээ залбирч явдаг даа, тэдэнгүйгээр минь цагдаагийн ажил, нэг ч ажил нь явахгүй шүү Өмнөговийн цагдаагийн хамт олон бахархахгүй байхын аргагүй сайхан хамт олон байдаг шүү гэж хамт олноороо бахархах...
Иргэд маань ч одоо цагдаагийн ажлын сайн ойлгож, баярласан талархсанаа  илэрхийлдэг болсон шүү, бид энэ үгээр л тэжээгдэж явдаг гэж иргэдээрээ бахархах...
Бидний ар талд гэр бүл гэж томоохон арми ажиллаж хамтдаа ч баярлаж чадалгүй эр нөхрүүдийнхээ бэлтгэлийг хангаж ирсэн, орой гэртээ харихад цагдаагийн цонх, гэрийн тооно л гэрэлтэй байна шүү дээ гэж хань ижил,  ар тал, хамт олныхоо ар гэрээр бахархах..
Залуухан дарга хамт олон, иргэд, ар гэр, гээд бүх л зүйлд бахархалтай,  сэтгэл өөдрөг эрч хүчтэй байна лээ...
Иргэн болж төлөвшсөн, тэсвэр тэвчээртэй хүн л цагдаагийн ажлыг хийж чаддаг юм даа гэж тэрээр хэлсэн юм. Хэдийгээр хүнд гэмт хэргүүд дээр очиж ажиллаж хатууждаг ч гэлээ эргээд сэтгэл нь улам зөөлөрч байдгаа учир нь цагдаагийн алба хаагч чинь хорвоогийн бүхий л хатуу зөөлөн жамыг өдөр тутамдаа л амьдрал дээр үзээд, хараад явдаг гэж Сайнбуян нэмж хэллээ. Магадгүй тийм учраас түүний сэтгэлээс дандаа хайрын шүлэг урсдаг ч болов уу. Цагдаагийн албаныхныг хатуу ширүүн орчинд ажилладаг болохоор дотоод сэтгэл нь ч ийм л байх юм шиг санагддаг байсан минь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Б.Сайнбуянтай ярилцаж суухдаа огт өөр ертөнцийг олж харж билээ.
Бүх хүмүүсийг амарсан хойно гэрийн зүг явж байхдаа  бид чинь энэ олон иргэдийнхээ ийм л амгалан байдлыг бий болгохоор ажиллаж яваа шүү гэж ажлаараа бахархдаг гэсэн юм.
 
Хөргөөс бодол хөврөхүй дор
Өөрийнхөө байгуулсан ногоон төглийнхөө сүүдэрт ном уншаад суух, тэр газартаа уран бүтээлийн жижигхэн байр бариад нам гүм орчинд уран бүтээлээ хийж суух нь Сайнбуянгийн хэтийн мөрөөдөл. 
Гаднаас нь харахад хэдийнээ хат суусан энэ эр харин дотогшоогоо бол энэ орчлонг хайраар өлгийдөж хардаг уяхан нэгэн юм гэх бодол түүний уран бүтээлүүдийг унших, түүнтэй ярилцаж суухад төрсөн юм. Сэтгэлээс нь энэ ерөнцийг хайрлах хайр ундрах яруу найрагчийн яруу үгс миний өмнө нүдний өмнө одоо хөвөрч байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻