В.Путин Синайн хойгийн эмгэнэлт явдалд хамаатай бүгдийг устгахыг даалгав
МОНГОЛЫН МЭДЭЭӨчигдөр үдэш Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд Холбооны Аюулгүй байдлын албаны /ХАБА/ тэргүүн Александр Бортников осолдсон А-321 онгоцны зорчигчдын эд зүйлс, ачаа болон онгоцны сэгүүдээс гадаад оронд үйлдвэрлэсэн дэлбэрэх бодисын ул мөр олдсон тухай илтгэв.
ХАБА-ын мэргэжилтнүүдийн тогтоосноор, А-321 онгоцонд 1 кг тротиллтэй тэнцэх хүчтэй дэлбэрэх төхөөрөмж дэлбэрчээ. Онгоц нисч байхдаа агаарт дэлбэрсэн бөгөөд “Энэ бол террорист ажиллагаа байсан гэж баттай хэлэх байна“ хэмээн Александр Бортников уламжилжээ.
Үүнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин тусгай албаныханд халдлагад хамаатай хүн бүрийн нэрийг тогтоож, дэлхийн аль ч өнцөг буланд байсан хайж олоод , устгахыг даалгав. Хүчнийхэнд хандан, “Лалын улсыг” устгах ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг даалгажээ. Тэрээр дипломатуудад “Лалын улсын“ холбоотнуудыг хайхыг даалгав. Нөгөөтэйгүүр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын эрх баригчид тээврийн аюулгүй байдалд тавих шаардлагыг улам чангатгаж байна.
Өнгөрөгч сарын 31-нд -нд Шарм-эль-Шейх-Санкт-Петербургийн чиглэлд нисч явсан Оросын “Когалымавиа”компаний А-321 онгоц Египетийн Синайн хойгт осолдож, онгоцонд явсан 217 зорчигч болон багийн 7 гишүүн амь үрэгдсэн юм.
Москва хот. А.Огторгуймаа