МАН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд суусангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-18 16:34:55

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй.

Тус байнгын өнөөдрийн хуралдаан 09 цагт эхлэх байсан ч ирц бүрдэхгүй байсаар 12 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлсэн.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх шаардлага тавьж буй аж. Тиймээс байнгын хорооны хуралдааны эхэнд МАН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр завсарлага авах санал гаргасан ч байнгын хорооны дарга Д.Батцогт өмнө нь энэ хуулийн төсөл дээр ажлын тав хоногийн завсарлага авсан тул дахин завсарлага өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн тул хуралдаанд ирсэн байсан гишүүд гарч одов.

Байнгын хороо өнөөдөр Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Б.Туул

相关新闻