Хувийн сургуулиудын дотуур байрны хоолны зардал хасагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-04 16:36:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эмпати, Заид, Билге-Тегин, Руханият зэрэг төрийн бус өмчит дөрвөн сургуулийн дотуур байрны хоолны зардал 2018 оны орон нутгийн төсөвт тусгагдаагүйгээс үйл ажиллагаанд нь хүндрэл үүсчээ.

Тухайн сургуулиудад  2017-2018 оны хичээлийн жилд нийтдээ 1269 сурагч  суралцаж байгаа ба тэдний 448 нь дотуур байранд амьдардаг аж. Эдгээр хүүхдүүдийн хоолны зардалд зориулж орон нутгаас энэ оны төсөвт 159,9 сая төгрөг суулгахаар төлөвлөсөн байжээ. Гэвч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас "өмнөх жилд хувийн сургуулиудад хоолны мөнгө төсөвлөж санхүүжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,2 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 242 тоот тогтоолоор батлагдсан хувьсах зардлын норматив аргачлалыг тус тус зөрчсөн" хэмээн үзэж аймгийн ИТХ-ын даргад зөвлөмж хүргүүлснээр батлагдаагүй байна.

Аймгийн удирдлагууд уг асуудлыг холбогдох яамдад уламжилж, арга хэмжээ авахаа илэрхийлсэн ч тодорхой шийдвэр хараахан гараагүй байгаа ажээ.

Одоогоор Цэнгэл сумын Руханият бүрэн дунд сургууль ажилчдаа цомхтгож, дотуур байраа хаасан бол Заид сургууль дотуур байрныхаа үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдээд байна. 

 
Ө.Нурболат
相关新闻