С.Одонтуяа: Хамтын тэтгэвэр эдлэхийн тулд эхнэр, нөхөр 15 жил амьдарсан байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 11:46:28

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас хуулийн төслийг талаарх зарим заалтуудаар тодруулга авлаа.

-Хамтын тэтгэврийн хууль нь нийгэмд хүлээлт үүсгэж буй хуулийн төслүүдийн нэг. Юуны өмнө хамтын тэтгэвэр авагч гэж хэн бэ гэдэг дээр тайлбар өгөхгүй юу?

-Хамтын тэтгэврийн хууль нь өнөө үед хамгийн их хүлээлт үүсгэсэн хуулийн нэг болоод байна. Учир нь социализмын бүтээн байгуулалтад оролцсон иргэд маань ямар ч хуримтлалгүй, хувийн өмчгүй зөвхөн тэтгэврээрээ амьдарч байгаа тохиолдол олон байна. Тэтгэврээрээ амьдарч байтал гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа эхнэр нөхөр санхүүгийн маш хүндрэлд ордог. Тийм учраас энэ хуулийн төслийг санаачилсан юм.

Энэ хууль батлагдсанаар эмэгтэйчүүдэд маш их дэм болно. Учир нь эмэгтэйчүүд нөхөртөө ажил хийх бололцоо олгохын тулд ар гэрээ хариуцаж, үр хүүхдээ харж урт хугацаагаар гэртээ суудаг. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөснөөс ажилласан жил нь тасрах юм уу эсвэл бага цалинтай ажил эрхлэх нь амьдралд түгээмэл байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн тэтгэвэр маш багаар тогтоогддог. Хань ижил нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэхэд байраа зарах хэмжээнд хүрч байна. Эсвэл байр түрээслэх ямар ч мөнгөгүй байдалд орж байна. Иймд эмэгтэйчүүд ядууралд их өртөж байна.

Гуравдугаарт, хүн тэтгэвэрт гарсан хойноо сайхан амьдрахын тулд 20, 30 жил хөдөлмөр эрхлээд, нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлдөг. Үүнийхээ үр шимийг хүртэх үед хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа нь тухайн хувь хүнд ч, гэр бүлд нь ч хохиролтой. Улсаас халамж авч байгаа хэрэг биш. Тухайн хүний нэрийн дансны мөнгө. Энэ мөнгөний 100 хувийг биш юм аа гэхэд тодорхой хувийг олгох ёстой гэж үзэж байгаа юм.

Энэ хуулийн бас нэг чухал ач холбогдол нь гэр бүлийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө. Хуульд 15 жил зайлшгүй хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай улсууд хамтын тэтгэвэрт хамрагдана гэж заасан нь ирээдүйд гэр бүл тогтвортой байхад нөлөөлэхүйц алхам болох юм.

-Хуулийн төслийн анхны хувилбарт хамтын тэтгэврийг 70 хувиар тогтооно гэж оруулж ирлээ гэж ойлгосон. Хэлэлцүүлгийн шатанд 20 хувь болгож байх шиг байна?

-20 хувь бол доод хязгаар. Өчигдөр хийсэн анхны хэлэлцүүлгээр эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч хамтын тэтгэврийн хувь хэмжээг Засгийн газар тогтоож байхаар ажлын хэсгийнхэн саналаа оруулж ирсэн. Миний хувьд, "Засгийн газар тогтоох нь зөв. Гэхдээ доод хязгаарыг нь хуулиар тогтоож өгөхгүй бол зарим жил таван хувиар ч тогтоож болзошгүй" гэсэн саналаа хэлсэн. Тиймээс доод хязгаар 20 хувь байхыг гишүүд дэмжлээ. 2017 оноос хэрэгжиж эхлэх энэ хуулийг таван жилээр буцааж хэрэглэх заалт оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, 2012 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш гэр бүлийн хүн нь нас барсан бол энэ хуульд хамрагдана гэсэн үг. Гэхдээ талийгаач болсон ханийнхаа тэтгэврийн тодорхой хувийг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс авч эхлэх юм. Өнгөрсөн таван жилийн тэтгэврийн хувийг нөхөн тооцож авахгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Манай улсын нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага тэтгэвэртэй иргэд байдаг. Тэгэхээр өндөр тэтгэвэртэй иргэний ар гэр өндөр, бага тэтгэвэртэй иргэний ар гэр бага хамтын тэтгэвэр авна гэсэн үг үү. Эсвэл тэгшитгэсэн байдлаар зохицуулалт оруулах юм уу?

-Тэгшитгэсэн ойлголт байхгүй. Тухайн гэр бүлийн гишүүн мөнх бусыг үзүүллээ гэхэд үлдэж буй хүнд нь хуулинд заасан хувь хэмжээний хамтын тэтгэвэр нь очно л гэсэн үг.

-Хууль таван жилээр ухарч хэрэгжих нь. Хэдэн иргэн энэхүү тэтгэврийг авах, мөн хэдэн төгрөг шаардагдахаар байна вэ?

-Өчигдөр шийдсэн асуудал тул таван жилээр тооцвол хэдэн хүн хамрагдахыг хэлэх боломжгүй байна. Шаардагдах хөрөнгийг 2017 оны төсөвт суулгавал асуудлыг шийдэх бололцоотой гэж ажлын хэсгээс тайлбарласан.

-Гэр бүлийн гишүүн таалал төгслөө гэхэд үлдэж буй эхнэр нөхөр хэдий хугацаанд тэтгэврээ авах вэ?

-Насан туршдаа авна. Харин үлдэж буй хүн нь хараахан тэтгэвэрт гарах болоогүй бол таван жил хүлээсний дараа хамтын тэтгэвэр авах бололцоотой болох юм.

-Энэ хүн хамтын тэтгэвэр авагч мөн гэдгийг хэрхэн баталгаажуулах вэ?

-Нийгмийн даатгалын хуулиар зохицуулна. НДЕГ-аас шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд тэтгэврийн эрх нээгдэнэ.

-Эмэгтэйчүүд гэртээ суух юм уу эсвэл бага цалинтай ажил эрхэлдэг гэж та өмнө нь хэллээ. Улсад огт ажил хийгээгүй эмэгтэйчүүд хамтын тэтгэвэр авах уу?

-Өөрөө ажил хийсэн, хийгээгүй нь хамаагүй. Хамт амьдарч байсан баталгаатай тохиолдолд хамтын тэтгэвэр авахаар зохицуулалт тусгаж байгаа. Ажлын хэсгээс тодорхой шалгуур оруулж ирж байна. Нарийн шалгууруудыг хэлэлцүүлгийн явцад дахин ярилцана.

-Хамтын тэтгэврийг эхнэр нөхрөөс гадна гэр бүлийн бусад гишүүн авах бололцоотой юу?

-Хамтын тэтгэвэр зөвхөн эхнэр нөхөрт хамаатай хууль. Хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүдэд хамаарахгүй.
 

Б.Туул

相关新闻