Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРШүүх эрх мэдлийн байгууллагын бүтцийг шинэчлэн өөрчилсөн Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт, зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэлээ.
Цэцийн дүгнэлтэд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгатай байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэжээ.
Тодруулбал Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэжээ.
Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурджээ.
Цэцийн дүгнэлтийг өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн дийлэнх нь хүлээж авах нь зөв гэж санал өгөв. Зарим гишүүд, тухайлбал Ц.Нямдорж “Цэцийн шийдвэрийг хүлээн авч, алдаагаа засах хэрэгтэй, Үндсэн хуулийг үгүйсгэж болохгүй”, Б.Бат-Эрдэнэ “Шүүх байгуулах тухай хууль анхнаасаа буруу заалттай байсан” гэсэн байр суурьтай байв. Гэвч санал хураалтын үеэр дийлэнх гишүүд цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлж, зарчмын зөрүүтэй 22 саналыг нэгийг нь ч дэмжсэнгүй. Эсэргүүцэж буй гишүүдийн хувьд Үндсэн хуулийн цэц хэр хэмжээнээсээ хэтэрч ажиллаж байна, Хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй, дүгнэлт гаргахдаа судалгаа, тоо баримт ашиглаагүй гэх мэт шүүмжлэл хэлж байсан. Ингээд байнгын хорооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь санал өглөө.
Чуулганы хуралдаанаар одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Н.Гантуяа