Иргэд санал хүсэлтээ цахимаар илэрхийлдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас www.70481111.mn веб сайт бүхий “Алтай сонсож байна – Өргөдөл, гомдлын цахим хуудас”-ны үйлчилгээг нэвтрүүллээ.
Энэхүү цахим хуудсаар иргэд аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж талархал, санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл гаргаж болох бөгөөд өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг цахим хуудаснаас харах, хяналт тавих үйлчилгээ юм. Мөн төрийн байгууллагууд албан тоотоо уг цахим сайтаар дамжуулан солилцох боломжтой болсноороо давуу талтай ажээ.
Иргэн та уг сайтад хандсанаар өргөдөл, гомдлын цахим програм хангамжид нэвтэрч энэхүү үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.
Мөн таны бичгээр болон амаар гаргасан өргөдөл, гомдлыг цахим хуудсанд оруулснаар та өөрийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг хянах, ямар албан байгууллагад шилжүүлсэн, ямар албан хаагч дээр байгаа зэрэг мэдээллийг харах боломжтой юм.
Э.Нарангэрэл