Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг. Өнөөгийн үйлчилж байгаа эрх зүйн хүрээнд төрийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бие даасан байдал хязгаарлагдмал, хэт төвлөрсөн загвар хэвээр хадгалагдсаар байна. Ялангуяа удирдлагын түвшинд санхүүгийн болон хүний нөөцийн менежмент хийх боломж муу байгаа нь байгууллагыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ удирдах ажилтнуудыг хариуцлагаас зайлсхийх байдлыг үүсгэж байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 2011 онд батлагдсан шинэчилсэн найруулгаар төрөлжсөн мэргэжлийн төвүүд удирдах зөвлөлтэй байхаар заасан заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Хууль батлагдсанаар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт байгуулах төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, үйл ажиллагааны зардалд жилд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд зарим асуудлыг тодруулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “УИХ-ын гишүүд ийм төрлийн хуулийг өргөн барихгүй гээд Засгийн газар хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийг цаг алдалгүй батлах ёстой. Энэ хуулиар эмнэлгийн удирдлагын тогтолцоо боловсронгуй болно гэж харж байгаа. Өнөөдөр эмнэлгүүд сайн менежерийг шууд сонгох боломж тааруу байна. 150 хүнтэй багатай цалинтай эмнэлэг байх уу, 100 ажилтантай өндөр цалинтай эмнэлэг байх уу гэдгийг шийдэх цаг нь болсон” гэсэн бол ЭМСЯ-ны мэргэжилтнүүд хууль хэрэгжсэнээр хүн амын тоотой уялдаж эмнэлгийн бүтэц зохион байгуулалт сайжирч, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн статустай эмнэлгийн тоо нэмэгдэнэ гэсэн тайлбарыг өгч байлаа.
Ингээд тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад 95.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул