Завханы 15 суманд 27000 шахам мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-29 22:13:57

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Онцгой комиссоос аймгийн 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Завханд 2017 оны хаваржилт болон зуншлага маш муу байсан. Аймгийн нутаг дэвсгэрт  агаарын хуурайшлын зэргээр 2017 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн  ихэнх нутгаар их аюултай буюу III зэрэг, 05 дугаар сарын 12-ноос эхлэн нэн их аюултай буюу IV зэрэгт хүрч үе үехэн түр зуурын бороо орж агаарын хуурайшилт багассан боловч эргэж эрчимтэй халснаар агаарын хуурайшлын зэрэг ихэнх нутгаар аюултай болон  их аюултай түвшинд байсан байна.
Харин наймдугаар сард хур тунадас гайгүй орсон тул хуурайшлийн зэрэг ихэнх нутгаар дунд зэрэгт хүрсэн байна. Үүссэн цаг агаарын нөхцлийг зөөлрүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг Завхан бороо-1 экспедиц нь тавдугаар сарын 12-ноос эхлэн цаг агаарын нөхцөл бүрдсэн үед их бага 31 удаа хур тунадас нэмэгдүүлэх  үйл ажиллагаа  явуулжээ. Гэсэн хэдий ч энэ жилийн үүлний масс нь бага, услаг багатай, тасанги  байдлаас хамаарч хур бороо  зурваслан орсноос газрын гарц  харилцан адилгүй байна.  Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолоор ганг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хүрээнд гантай Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Эрдэнэхайрхан, Завханмандал, Улиастай, Алдархаан, Идэр сумдын нутаг, харин гандуу  Түдэвтэй, Отгон, Цагаанчулуут, Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Тэлмэн, Шилүүстэй, Их-уул, Тосонцэнгэл сумдын нутаг хамрагджээ. Бэлчээрийн ургамлын гарцаар 9 дүгээр сарын байдлаар  нийт нутгийн 15 хувь гантай,  гандуу- 45 хувь, хэвийн 40 хувьтай өвөлтэй золгожээ. 

Зуншлага, намаржилт муу байснаас өвөлжилт хүнд болжээ


Завхан аймгийн хэмжээнд 2017-2018 оны намаржилт болон өвөлжилтийн байдал 10, 11 дүгээр сард олон жилийн дунджийн орчим, 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байлаа. Ялангуяа Цэцэн-Уул сумын нутгаар ОЖД-аас 3.6 градусаар хүйтэн байсан байна.
Энэ сарын гуравдугаар арав хоногт  эрс хүйтрэлт ихэнх нутгаар ихээхэн ажиглагдаж байна. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо  11 сард говь талын нутгаар  8-16, Хангайн уулархаг нутгаар 18-42, Идэр, Тэс, Буянт голын хөндий болон цас ихтэй нутгуудаар 45-57 өдөр байна. Харин хөрсөнд 40 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо 11 сараас энэ сарын 26-ны өдрийн байдлаар говь талын нутгаар долоон өдөр, Хангайн уулархаг нутгаар 5-13 өдөр, Идэр, Тэс, Буянт голын хөндий болон цас ихтэй нутгуудаар 17-23 өдөр байна. Хур тунадасны хувьд  аймгийн хэмжээнд 10 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 17-52 удаагийн их бага хэмжээний хур тунадас орсон. 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. Цасны зузаан тэгш талдаа Сонгино, Тэс, Баянтэс сумдын нутгаар 24-31 см, говь талын нутгаар 8-10 см, бусад нутгаар 11-18 см байна хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
 

 Завханы 16 сумд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна


Завхан аймгийн хувьд өвөл хаврын бэлчээрийн даац ихэнхи нутагт хэтэрсэн байна. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 20 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 35 хувь нь даац нэгээс гурав дахин хэтэрсэн. Харин нийт нутгийн 10 хувь нь даац гурваас тав дахин хэтэрсэн, 15 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна. Өнөөдрийн байдлаар даац их хэмжээгээр хэтэрсэн 15 сум, олон дахин хэтэрсэн 16 сумын 27 баг байна. Зуншлага оройтож, нийт нутгийн 75 хувь нь гандуу, гантай байснаас бэлчээрийн даац ихэнх нутгаар тав дахин болон олон дахин хэтэрсэн байгаа талаар мөн аймгийн УЦУОШГ-аас мөн нэмж мэдээлэв.

Хилийн зурвас бүсэд 18.1 мянган толгой мал отроор өвөлжиж байна


Завхан аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байна. Малын өсөлт  өмнөх оноос 191,1 мянгаар өссөн байна. 2017 оны  эхэнд тоологдсон нийт малын 29,5 хувьтай тэнцэх 1003,4 мянган толгой  малыг хэрэглээнд зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар үндсэн сумын нутагтаа 8237 өрхийн 3093,9 мянга, аймгийн хэмжээгээр таван чиглэлд 794 өрх,  503.3 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Гадна аймгийн нутагт 71.7 мянган мал, Дархан цаазтай болон Тусгай хамгаалалттай газар нутагт 96.2 мянган мал, хилийн зурвас бүсэд 18.1 мянган мал, Бага Хайрханы отрын бүс нутагт 55.3 мянган мал, аймаг доторхи бусад сумын нутагт 262.0 мянган мал, гадна аймгийн нутагт 71.7 мянган мал тус тус отроор өвөлжиж байгаа ажээ.

Сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл дуусаж байна


Завхан аймагт өнөөдрийн байдлаар өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг аймгийн эдийн засаг нийгмийн хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд тусгагдсан Орон нутгийг хөгжүүлэх сангийн 100,0 сая төгрөгөөр бүрдүүлсэн байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын Нөөц сангаас 40,0 сая төгрөгийг зарцуулж үүний 26.0 сая төгрөгийг өвс тэжээлд, 14.0 сая төгрөгийг нь худаг засварт тус тус зарцуулжээ. Харин “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор тусгаж хуваарилсан 229,7 сая төгрөгийг өвс, тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэхэд 200,8 сая төгрөгийг нь, Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулахад 8,0 сая төгрөг,  худаг засварт  20,9 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Импортоор тэжээл оруулж ирэх” тендерт шалгарсан “Нисэг агро”ХХК, “Эйч-Эс-Эм” ХХКомпаниуд 396,5 тн тэжээлийг Завхан аймагт оруулж ирсэн байна. Үүнээс Ургамал, Идэр, Сонгино, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Завханмандал, Дөрвөлжин зэрэг  сумдын 1434 малчин өрхийн хэрэгцээнд 210 тн тэжээлийг нийлүүлээд байна. Сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл дуусаж, малчид, мал бүхий иргэдийн нөөцөлсөн өвс тэжээл багасч байна. Аймгийн аюулгүйн нөөц бэлтгэсэн 178,5 тн өвс, 437,5 тн тэжээлээс  27,5 тн тэжээл үлдсэн байна.  Дээрх нөөцөөс цагаан зудтай найман сум, цагаан зудархуу долоон суманд нийт 138,5 тн өвс,  302,5 тн тэжээл,  өвөлжилт хүндэрч болзошгүй  долоон сум нэг аж ахуйн нэгжид өвс 40,0 тн, тэжээл 135,5  тонныг тус тус хуваарилан олгосон тухай аймгийн Онцгой комисс мэдээлэв.

15 суманд нийт 26907 мал хорогдоод байна

Завхан аймгийн хэмжээгээр цагаан болон багаанаар зудархуу байгаа 14 суманд малын хорогдол гарч эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Алдархаан, Баянтэс, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Сантмаргац, Сонгино, Тосонцэнгэл гэхчлэн 15 суманд нийт 26907 мал хорогдоод байна. Үүнээс адуу 182, үхэр 439, хонь 9526, ямаа 16760 хорогджээ. Говийн сумд болох Ургамал сумд хамгийн олон буюу 6708 мал хорогдсон бол Завханмандал сумд 6155, Дөрвөлжин сумд 4252 мал тус тус хоргдсон байна. Завханмандал сумд хамгийн олон ямаа буюу 3904, Ургамал сум хамгийн олон хонь буюу 2957, харин Алдархаан сумд хамгийн олон үхэр буюу 101 үхэр тус тус хорогдсон талаар аймгийн ХААГ-аас тус тус мэдээлэв. 

Б.Мягмарсүрэн

 

相关新闻