Б.Элбэгзаяа: "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн өрнөж байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаараа тухайн сард болсон үйл явдлуудыг тоймлон мэдээлдэг. Тэгвэл өнгөрөгч сарын хувьд Шатахууны үнэ, "Эрдэнэт" үйлдвэрээс эхлээд хариулт нэхэж буй олон асуулт бий. Үүнд салбарынхан ийнхүү хариулт өгч байна.
"Эрдэнэт" үйлдвэрийн гадаад данс хаагдсан гэсэн мэдээлэлд, УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа хариулахдаа, "Эрдэнэт"-ийн үйл ажиллагаа хэвийн өрнөж байгаа. 109 сая ам.долларын төлбөр төлнө. Төлбөр барагдуулах асуудал хэлцлийн түвшинд явж байна. Төлбөр, хүү, хүүгийн алдагдал гэсэн асуудлыг хоёр тал хэлэлцэнэ”гэлээ.
Харин шатахууны үнэ цаашид өсөх үү гэсэн асуултад салбарын сайд, "Шатахууны үнийн зөвлөлөөс импортлогчдод нефтийн үнийг нэмэхгүй байх талаар зөвлөмж хүргүүлсэн. Тиймээс шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Харин ч бууруулах боломж бий" хэмээв. Мөн тэрээр Таван толгойн цахилгаан станц барих талаар, “Манай улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валютыг нийлүүлж байгаа. Үүнийг тооцоод үзвэл маш их тоо гарна. Тиймээс төрийн зүгээс Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих хэрэгтэй. “Оюу Толгой” ХХК албан ёсны гэрээгээр цахилгаан станц барих үүрэгтэй. Цахилгаан станц барих хөрөнгө нь жилийн төсөвт тусгагдаад явж байгаа. Тиймээс хоёр тал богино хугацаанд энэ цахилгаан станцыг барихыг яаравчлах ёстой” гэлээ.
Уул уурхайн салбарын нэг асуудал бол Гашуунсухайт боомтын урт дараалал. Тэгвэл Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн явж буйг албаныхан хэллээ. Одоогоор 5-9 км-ийн дараалал үүсээд буй аж. Хоёр тал удаа дараагийн уулзалт хийсний үр дүнд Гашуунсухайтыг 24 цагийн боомт болгох, чөлөөт бүсийн хэмжээнд ажиллуулж, хил гаалийн нэвтрэх чадваруудыг сайжруулах бололцоотой гэж үзжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрөгч хоёр сарын байдлаар 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн сайн үзүүлэлт байна. Тухайлбал үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл тэр дундаа нүүрс, металлын хүдэр олборлолт өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8 хувийг эзэлдэг байна.
Б.Заяа