Ногоон Санхүүгийн корпораци байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-03-16 17:51:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ногоон Санхүүгийн Корпораци байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явц, зах зээлийн судалгааны ажлуудтай танилцах зорилгоор “Блью скай”  зочид буудлын хурлын танхимд "Монгол Улсад ногоон санхүүгийн систем бий болгох хамтын ажиллагаа”  хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг БОАЖЯ, Сангийн яам, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо “ТоС Холбоо” болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага хамтран зохион байгуулав.

Ногоон Санхүүгийн Корпораци байгуулахаар Ногоон Уур амьсгалын санд хүргүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын саналтай холбоотой ажлын төлөвлөгөө, төслийн зах зээлийн судалгааг танилцууллаа. Мөн хэлэлцүүлэгт оролцогч талууд, ижил төстэй төслүүдтэй хэрхэн хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог үүсгэх, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.

Тэд эхний ээлжинд гэр хорооллын иргэдэд зориулсан ногоон орон сууц, дулаан алдагдалгүй эрчим хүчний бүтээгдэхүүний судалгааг хийж байгаа аж. Цаашид хог хаягдлын менежментийг сайжруулах , ариун цэврийн байгууламж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг байгаль орчин нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлэх юм байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Монгол орны хувьд нэн тулгамдаж буй асуудал бол хэрэглээний хэт өсөлтөөс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулахад түлхэц болох байгальд ээлтэй ногоон бизнес төслүүдийг санхүүжүүлэх тогтолцоог бий болгох шаардлага юм. БОАЖЯ-ны зүгээс бодлогоор ногоон хөгжлийг дэмжих, урамшууллын хөшүүргийг бий болгох олон үйл ажиллагааны нэг нь Үндэсний ногоон зээлийн сан байгуулах санаачилга байсан. Энэ ажлын хүрээнд Ногоон зээлийн сан байгуулах бэлэн байдлын дэмжлэгийг НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангаас Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаар дамжуулан энэ сардаа багтаан Ногоон сангийн удирдах хороонд хүргүүлэхээр  төлөвлөн ажиллаж байна" хэмээн онцоллоо.

О.Мөнхжаргал
相关新闻