Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад сэргээн засах цогц үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-28 15:50:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хүсэлтээр “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн эмч, эрүүл мэндийн ажилтнууд хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад сэргээн засах цогц үйлчилгээ үзүүлэхээр “Хүлээж биш-Хүрч үйлчилье” өдөрлөгийг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулав.
Тэднийг ямар нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр өдрийн турш эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан бөгөөд давхардсан тоогоор нийт  202 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, элэгний В, С вирус оношлох үйлчилгээг 48 иргэнд, протез, ортопедийн захиалга хэмжээ авах, засвар үйлчилгээг 18 иргэнд, сэргээн засалтын үзлэг оношилгоог 44 иргэнд, харвалтын дараах хөдөлгөөн заслын үйлчилгээг 28 иргэнд, зүрхний бичлэг хийх, оношлох үйлчилгээг 74 иргэнд үзүүлжээ. 
Үүнээс гадна тус багийнхан нийгмийн халамж, даатгалын мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх хууль эрх зүй, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдэнд зориулсан нийгмийн халамж үйлчилгээ, асран хамгаалагчдад өгөх сэтгэлзүйн дэмжлэг олгох, гэрээр үзүүлэх асаргаа мөн хөгжлийн бэрхшээлээс урьчдилан сэргийлэх арга зам, эрт илрүүлэлт гэх мэт сэдвүүдийн хүрээнд онол арга зүйн мэдлэг мэдээлэл хүргэсэн юм.
 
Э.Нарангэрэл
 
相关新闻