Говь-Алтай аймагт гадаад хэлний сургалтын шинэ төв нээгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төв Алтай хотод англи, орос, герман, солонгос, хятад, япон хэлний сургалтын төв үүд хаалгаа нээхээр бэлтгэлээ хангаж байна.
Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул “Энхдэлгэрэх” компанийн захирал Д.Орхонтуул өөрийн санаачлан байгуулсан “UNLIMITED” сургалтын төвийнхөө салбарыг зургаадугаар сард төрөлх нутагтаа нээн, хүүхэд залуучуудын хэлний боловсролд хувь нэмрээ оруулахаар зорьж буй ажээ. Тус төв нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа ба гадаад харилцаагаа өргөжүүлэн Солонгос, Хятад улсад “Оюутан зуучлал”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ажээ.
Говь-Алтай аймагт одоогоор англи, орос хэлний хоёр сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад анхан болон дунд шатны сургалт явуулж байна.
Э.Нарангэрэл