Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-12 16:27:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын төлөөлөл өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэхтэй холбоотой шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буй талаараа мэдээллээ.
Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг хэлэхдээ, “2017 оны сүүлээр багш нар тэмцэл хийснээр Засгийн газраас тодорхой шийдвэр гаргасан боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй. Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам доройтож байгаа тул бид дараах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна” гэв.
1.Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг 4 дүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх
2.“2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт эхлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх
3.УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх
4.Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх
5.БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ноос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах гэсэн шаардлагыг тавьж буй юм.

2017 онд багш нар болон шинжлэх ухааны салбарынхан цалин хөлс, бодит орлогоо нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага тавьж, ажил хаялт хүртэл зарлаж байсан. “Тухайн үед манай улс эдийн засгийн хямралтай байсан тул бид энэ асуудлыг хойшлуулсан. Харин энэхүү шаардлагаас хойш 3-4 сар цалин хөлс нэмэхгүй бол багш нар ахин ажил хаялт зарлаж, улмаар 2018-2019 оны хичээлийн жил эхлэхгүй ч байх магадлалтай” гэдгийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн ҮЭХ-ны дарга Т.Баясгалан хэллээ.
Тэд шаардлагын хариуг энэ сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдэв.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻