Ган, зудад тэсвэртэй царгас тариалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Идэр сумын “Цагаан уулын лүндэн” ХХК өнгөрсөн жил Мерси кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр Идэр сумын нутагт 50 га талбайд тэжээлийн таримлын ноён гэгддэг царгасыг анх удаа тариалсан байна. Эхний ургацаа ирэх намар хурааж авах юм байна.
Мөн хэд хэдэн суманд малын тэжээл тариалах төсөл боловсруулж өгсөн бөгөөд энэ жилийн хувьд 30 сая төгрөгөөр тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөөд байна. Нэг талбайдаа олон жил ургаж чаддаг, ган, зудад тэсвэртэй царгасаар хадлан, ногоон тэжээл зэргийг бэлтгэхээс гадна уураг, амин хүчлийн найрлага ихтэй учраас маш сайн малын тэжээл болдог аж. Цаашид малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэхээс гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилт тавьсан байна.
Өнөөдрийн байдлаар алатау үүлдрийн 15 үнээтэй бөгөөд тоо толгойг нь өсгөж, гадны томоохон компаниудын шаардлагыг хангасан махыг орон нутагтаа үйлдвэрлэж гадагш гаргах зорилготой ажиллаж байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн