Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж Эрүүл мэнд, Спортын сайдад доктор Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр шийдвэр гаргасан байна.
Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш түүний оронд хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй байсан юм. Харин өчигдөр буюу ням гарагийн орой Гүйцэтгэх товчоо хуралдаан зарлаж, тус албан тушаалд Улсын Клиникийн төв эмнэлэг, ГССҮТ-ийн дарга асан, Монгол Улсын гавъяат эмч, доктор Л.Жамбалжав эмчийг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэн байна. Тэрбээр анагаах ухааны салбарт олон жил ажилласан, уг салбарыг сайн мэддэг нь сайдад нэр дэвшүүлэх үндэслэл болсон аж.
Лхамсүрэнгийн Жамбалжавын товч танилцуулгаас дурдвал:
1949 оны 12 дугаар 05-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 1972 онд Анагаах ухааны дээд сургууль, 1986 онд хуучин Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академийн докторантурыг төгсөж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1993-1995 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны Англи хэлний институт, АНУ-ын хуурай замын цэргийн хүн эмнэлгийн академийн тусгай курсыг төгссөн. Мэргэжлийн мэс засалч эрүүл мэндийн зохион байгуулагч.
• 1972-1973 он Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт - мэс заслын эмч.
• 1973 он Гандангийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэс заслын эмч
• 1973-1974 Сэлэнгэ аймаг Баруун хараагийн сум дундын эмнэлэгт - мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмч.
• 1974-1996 он Цэргийн клиникийн төв госпиталд мэс заслын эмч,тасгийн дарга, зөвлөх эмч, клиникийн захирал.
• 1996-2000 он Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яаманд , Анагаах ухаан эмнэлгийн хөгжлийн газар, Мэдээлэл хяналт шинжилгээ мониторингийн газар, Төрийн захиргаа удирдлагын газруудын дарга.
• 2000-2007 он Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний төслийн удирдагч.
• 2007-2009 он Эрүүл мэндийн яам - эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга.
• 2009-2011 он Улсын клиникийн төв эмнэлгийн дарга.
• 2011-2012 он Анагаах ухааны хүрээлэнгийн төслийн удирдагч.
• 2012 он Эрүүл мэндийн сайдын зөвлөх.
• 2013-2014 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал.
• 2013-2014 он Эрүүл мэндийн яамны сайдын бодлогын зөвлөх.
• 2014 оноос Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирал.
• Анагаах ухааны хүрээлэнгийн клиникийн профессор
• Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор
• Батлан хамгаалах их сургуулийн профессор
• 1996 оноос шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн
• Анагаах ухааны доктор
• Монгол Улсын хүний гавъяат эмч
• Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Батлан хамгаалах сургуулиудын эрдмийн зөвлөлийн гишүүн
• АНУ-ын цэргийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн
• Монголын мэс засалчдын нийгэмлэг, чих хамар хоолойн нийгэмлэгийн гишүүн.
• Монгол улсад анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэгчдийн нэг.
• Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа.
• МАХН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан ба МАХН-ын бага чуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн.
Н.Туяа