Хэрлэн сумын орон сууцны гадна орчныг камержуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-27 15:18:56
/Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жилийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн төв Хэрлэн сум буюу Чингис хотын хуучны орон сууцнуудын орц, гадна гэрэлтүүлэг, камержилт, дээврийн засвар зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн хэмээн хотын захирагч Ц.Идэрбат ярилаа. 

Үүний хүрээнд 30 орон сууцны гадна талыг телекамераар хянах бололцоог бүрдүүлэх аж. Мөн дээврийн засварыг хийхдээ хамгийн сүүлийн үеийн технологи болох полимер мембранан материалыг ашиглахаар болсон бөгөөд олон жилийн насжилттай, халуун, дулаанд тэсвэртэй, хар цаасны дараагийн үеийн шилдэг технологи юм байна.

Цаашид орон сууцны дээврийн асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэх бөгөөд зарим төмөр дээврийн гоожилтыг зогсоох, засах ажлыг "Өндөрхаан" СӨХ бие даан шийдвэрлэх юм.

Хотын дарга 2017 оны 11 сард дахин төлөвлөлтийн бүсийн иргэдтэй уулзсанаас хойш Хэрлэн суманд хийгдэх дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэнэ. Эхний ээлжинд халаалтын уурын зуух, цэвэр усны хангамж, хэрэглээний халуун усны асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Цаашид бусад инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлүүлсний дараа гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, оршин суугчидтай тохиролцох зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг
 
 

相关新闻