Дундговь аймгаас Монгол Улсын мастер тогооч төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-30 18:34:58

Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо болсон Монгол Улсын мастер тогоочийн 33 удаагийн шалгаруулалтад Дундговь аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөний тогооч Х.Энх- Амгалан оролцож, Монгол Улсын мастер тогоочийн болзол хангав.

Тогооч нар онолын мэдлэгээ сорьж, салат зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, амтлаг хоол, чимэглэл зэрэг 6 төрлийн даалгавартайгаар энэ удаагийн шалгаруулалт болсон бөгөөд 42 тогооч өрсөлдөж, 22 нь эцсийн шатанд Монгол Улсын мастер тогоочийн болзол хангасны нэг нь Х.Энх- Амгалан юм.

Тэрээр энэ сарын эхэнд Мандалговь хотод зохион байгуулсан говийн бүсийн аварга тогооч шалгаруулах уралдаан түрүүлж, Монгол Улсын мастер тогоочийн шалгаруулалтад оролцох эрхтэй болжээ.

Тэрээр Дундговь аймагт ажиллаж амьдарч байгаа 4 дэхь мастер тогооч болж байна. Хамгийн анх 1970- аад оны үед С. Магсар Дундговийн төдийгүй Монгол Улсад анхны мастер тогооч болж байсан гэдэг. Түүний араас 2005 онд Х. Оюунцэцэг, 2007 онд Ю. Должинсүрэн нар энэхүү хүндэт өргөмжийн эзэн болж байжээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻