“Баатар вангийн хүүхдүүд” тайлант өдөрлөг Булган суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-05 23:34:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуулийн 880 гаруй сурагчид аймгийн төвд ирж “Баатар вангийн хүүхдүүд” тайлант өдөрлөг зохион байгууллаа.
Ардын хатанбаатар С.Магсаржавын 140 жилийн ой угтан зохион байгуулж байгаа энэ өдөрлөгт оролцогчид Булган сумын Бунхан толгойд байдаг Хатанбаатар Магсаржавын дуулгат бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн, аймгийн нутгийн удирдлагын ордон, нийтийн номын сан, Хөгжимт жүжгийн театрын үйл ажиллагаатай танилцлаа.
Цогт хунтайжийн талбайд сургалтын цөм хөтөлбөрийн тайланг тавьж урлагийн тоглолт үзүүлсэн байна.
- Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, сурсан мэдсэн зүйлээ илэрхийлэн тайлант өдөрлөг зохион байгуулж байна. Сурагчид, эцэг эх, сургууль, сумын удирдлагын төлөөлөл 150 гаруй машинтай ирлээ. Бэлтгэл ажлыг  хүрээнд нэг сар шахам хугацаанд сургуулийн дуу хөгжмийн багш соёлын төв хамтран хийсэн. Сургуулийн 1-12 дугаар ангийн 31 анги хамт олон оролцож байна гэж сумын ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг ярилаа.
Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтан зохион байгуулж байгаа “Баатар вангийн хүүхдүүд” өдөрлөгт аймаг, сумын удирдлага Булган сумын иргэдийг зохион байгуулан оролцуулах, хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзүүлэх арга хэмжээ аваагүйд харамсаж байгаагаа эцэг эхийн төлөөлөгчид илэрхийлэв. Энэ өдөрлөгийн орой аймгийн төв талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн шоу тоглолт болсонгүй.
М.Батжаргал

相关新闻