НҮБ-ын Хүүхдийн сангийн статистикч Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-09 12:09:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн статистикч, Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны бүсийн зохицуулагч Жейчандран Вэсүдэван, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа нарыг өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Үндэсний статистикийн хорооноос НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран энэ оны есдүгээр сард нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг Монгол Улс даяар зохион байгуулах гэж буйтай холбогдуулан дээрх зочдыг хүлээн авч уулзаж байгаа аж. 
Эл нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өмнө туршилтын судалгааг улсын хэмжээнд аймгуудаас Сэлэнгэ, Улаанбаатар хотоос Налайх дүүргийн сонгон хийж байгаа юм байна. Туршилтын судалгаа энэ сарын 08-наас эхэлсэн бөгөөд 14-ний өдөр хүртэл долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хушаат суманд зохион байгуулагдаж байгаа ажээ. Энэхүү нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд дэмжлэг үзүүлж, зөвлөмж өгч ажиллахаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Статистикч, Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны бүсийн зохицуулагч Жейчандран Вэсүдэван, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа нар хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Уулзалтанд Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсийн дарга  Д.Гүндэгмаа оролцсон байна.

 
Ч.Отгонцэцэг
相关新闻