Сахилга хариуцлагыг чангатгахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-09 23:13:18
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн удирдлагууд болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудтай уулзлаа.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Монгол Улсын Засгийн газар нь төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймээс ч энэ оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Та бүхэн хариуцлага, сахилга бат, дэг журмыг тогтоож ажиллан, өгсөн үүрэг даалгаврыг хянадаг, хариуг нь илтгэдэг байх ёстой. Төрийн албан хаагч хуулийн хүрээнд ажиллах, мөн сэтгэл гаргаж ажиллах, ард түмэнд төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг мөрдөхийг үүрэг болголоо.
Энэ үеэр тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм орон нутгийнхаа танилцуулгыг хийж, энэ онд дэвшүүлсэн зорилго зорилт, түүний хүрээнд хийж буй ажлуудаасаа онцлон мэдээлэв.
Ерөнхий сайдын хамт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Говь-Алтай аймгийн удирдлагууд болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудтай уулзлаа.
Э.Нарангэрэл
相关新闻