Эцэг эхийн зөвлөлийг дэмжих баг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ сарыг гэр бүлийн сар болгон “Өнөөдрийн хайраас маргаашийн ирээдүй” уриан дор Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Үүний хүрээнд өнөөдөр тус аймгийн Засаг даргын ивээл дор “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” сэдэвт эцэг эхчүүдийн зөвлөлгөөнийг анх удаа орон нутагтаа зохион байгуулж байна.
Зөвлөлгөөнд Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны 170 гаруй эцэг, эхийн төлөөлөл оролцож, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхчүүдийн эерэг нөлөөллийн талаар ярилцаж, аймаг, сумдад эцэг эхчүүдийн хамтран хийх ажлын төлөвлөгөөг гаргах юм.
"Хүн болох үндэс суурь хүмүүжлийн асуудал орхигдсон. Тиймээс уг асуудлыг хөндөн анхаарлаа хандуулах болон манай улс бие махбодийн шийтгэлийг их хэрэглэдэг уламжлалт сэтгэлгээнээс үүссэн арга барилыг өөрчлөх үүднээс орчин үеийн хүүхдүүдтэй хүмүүжлийн эерэг аргаар харилцахгүй бол уламжлалт аргаар харьцаад үр дүнд хүрэхгүй гэдэг ойлголтыг өгөхийн тулд энэхүү зөвлөгөөнийг санаачлан зохиож байна" хэмээн тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Мөнхзаяа мэдээлэв.
Зөвлөлгөөнөөр дамжуулан сургууль, цэцэрлэг сумын эцэг эхийн зөвлөлийг идэвхжүүлэх, тодорхой дүрэм журмаар үр дүнтэй ажиллуулах түүнчлэн ГБХЗХГ-ын дэргэд “Эцэг эхийн зөвлөлийг дэмжих баг”-ийг бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Э.Нарангэрэл