Сэлэнгийн иргэд орон нутагтаа дээд боловсрол эзэмших боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-16 16:40:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МСҮТ-үүд Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран чадамжид суурилсан, шаталсан, зайны цахим сургалтыг хамтран хэрэгжүүлэх сургалтын туршилтын  төслийг энэ хичээлийн жилээс эхэлж байна. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын байранд өнгөрсөн баасан гарагт болсон юм.
Сэлэнгэ аймгийн нийт иргэдэд хүртээмжтэй, эдийн засгийн өгөөжтэй, өрх гэрийг үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчид болгохын тулд ЕБС төгсөж байгаа хүүхдүүд, ажилгүй байгаа иргэд, залуучуудыг ажилтай, мэргэжилтэй болгоход энэхүү төслийн үйл ажиллагааны гол зорилго чиглэгдэж байгаа аж. Ингэхдээ тухайлбал Шаамарын МСҮТ дээр хүлэмжийн аж ахуй эрхэлдэг, зөгийн бал боловсруулдаг иргэдийг түшиглэх. Мөн цаашлаад цэцэрлэгжүүлэх хот тохижилтын ажлуудыг хийх мэргэжилтэн бэлтгэх. Мөн аялал жуулчлалын баазуудыг тохижуулах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхээс гадна жуулчдад зориулсан  хоол хийх тогоочдыг мөн бэлтгэх гэнэ. Сүхбаатар хот дахь МСҮТ-тэй хамтраад дээрх мэргэжлүүдээс гадна ойжуулалт, аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч, орон нутгийн материалыг ашиглаад бэлэг дурсгалын зүйлс, гар урлалын зүйл хийдэг мэргэжилтнүүд, хөдөө орон нутгийг барилгажуулах бүх төрлийн барилгын мэргэжилтнүүд зэргийг бэлтгэх юм байна. Эл хамтын ажиллагааны гол санаа нь орон нутагтаа мэргэжлийнхээ боловсролыг эзэмшээд цаашид үргэлжлүүлэн суралцах үнэмлэхээ авангуут нь СЭЗИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан болох аж. Ингээд Улаанбаатар хотод очиж сурахгүй, эндээ мэргэжлийнхээ дагуу ажиллангаа зайнаас цахимаар сураад санхүү, ня-бо  болон удирдах ажилтнаар дээд мэргэжилтэн болох, мастерын зэрэгт суралцах боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой юм. 
-Аймаг орон нутагт тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мөн тогтвортой аялал жуулчлалын сүлжээ хотхоны бүтээн байгуулалтанд сургалтын чиглэлийн дагуу хамтран хүчээ нэгтгэх зорилгоор байгуулсан энэхүү гэрээгээр Сэлэнгэ аймгийн иргэд, нутагтаа ажлаа эрхлэнгээ мэргэжлийн дээд боловсролыг эзэмшээд авах боломж бүрдэж байгаа юм. Ажлаа хийнгээ, суурьшингаа ажилтай орлоготой байх бололцоог бүрдүүлэх ажлын эхлэл тавигдлаа гэж ойлгож болно. Энэ сургуулиуд өөрсдийнхөө илүүтэй, давуутай талаар хамтран ажиллахаар нийгмийн түншлэлийн эхлэлийг тавьж байгаа юм. Санхүү, эдийн засгийн их сургуулийн хувьд Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа тогтвортой эдийн засаг, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх туршилтын түншлэлийн зөвлөх байгууллагаар ажилладаг хэмээн Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Д.Батжаргал хэллээ.
Сүхбаатар суман дахь МСҮТ-ийн захирал Д.Загдгочоо, Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд санхүүгийн чиглэлээр болон бусад чиглэлээр боловсрол эзэмшихэд давуу боломж бий болж байна. Ер нь МСҮТ гэдэг бол хүний амьдралын, боловсрол эзэмших, мэргэжилтэй болох энэ үйл явцын анхдагч байдаг. Ямар нэгэн дээд боловсролтой болохын өмнө анхан шатнаас нь мэргэжил эзэмшсэн байж, чадварлаг төгс мэргэжилтэн, удирдагч төрнө. Иймээс МСҮТ-ийг алгасч болохгүй шат юм. Юмыг анхнаас нь цаашдаа шат дараалалтай суралцаж байж чадварлаг боловсон хүчин болдог нь амьдралд батлагдсан зүйл. Иймээс өнөөдрийн үйл ажиллагаа бол МСҮТ-ээр дамжаад цаашаа шатлан суралцаад мэргэжилтэй боловсон хүчин болох ийм сайхан нөхцөл байдал үүсч байна. Дээр нь тогтвортой эдийн засаг, аялал жуулчлал яригдаж байна. Сэлэнгэ аймгаар дайрч ОХУ, БНХАУ-ыг холбосон ийм том эдийн засгийн коридорт бид Сэлэнгэ аймгийн залуус боловсролоороо дамжиж боловсролынхоо салбараар нэгдэн оролцож байна. Иймээс манай сургуулиар дамжиж энэ олдож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай. Бидэнтэй ойрхон хамтарч бүс нутгаа, орон нутгаа мэргэжилтэй боловсон хүчнээр хангах ажилд оролцохыг уриалж байна” гэлээ. Тус гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор   Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сүхбаатар, Шаамар, Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн захирлууд оролцсон байна. 
Ч.Отгонцэцэг 
相关新闻