Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг нь 2 эсвэл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.
Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж, хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эргүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх гэнэ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд, "Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны хүрээнд хуулийн төслийг боловсруулсан нь өрөөсгөл юм. Төрийн нийт албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх тухайд асуудлыг тодотгож харах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуцлагын асуудлыг оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хариуцлагын цогц үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Б.Туул