Анхны ардчилсан сонгуулийн өдрийг нийтээр тэмдэглэдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон намын бүрэлдэхүүнтэй явагдсан, ард иргэд өөрсдөө төрөө чөлөөтэй сонгон байгуулсан түүхэн сонгууль болсон. Энэ нь улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт, ардчилсан сонгууль байв. Энэхүү анхны ардчилсан чөлөөт сонгуулийн үр дүнгээр нийгмийн хуучин тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлснийг бататгаж, улмаар Монгол Улсад шинээр үүсэн бүрдэж байсан олон намын тогтолцоо, иргэний нийгмийн бүтцүүд ардчилсан зарчмаар бэхжин хөгжих бодит боломжийг олгосон түүхтэй.
Энэ онд тохиосон Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 3 дугаар захирамжаар, Засгийн газрын 2015 оны 308 дугаар тогтоолоор энэ түүхэн өдрийг “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр” болгон улсын хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Цаашид энэ сонгуулийн түүхэн үйл явдлын агуулга, мөн чанар, ач холбогдлыг иргэд, олон нийтэд таниулж мэдүүлэх, сурталчлах, иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд бодитой ойлгуулах, ардчилсан сонгуулиар бий болсон үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг бататган хамгаалахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Батбаяр нар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийг бүхэлд нь шинэчлэх чиглэлээр ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Б.Туул