“Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн сонгуулийн хуульд саналаа нэмэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-02 15:16:17

“Жудагт Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой санал хүргүүлж байгаагаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Цог удирдан явуулав.  Тэрбээр Ардын Их Хурлын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутат асан, академич С.Нарангэрэл, Ардын Их Хурлын депутат асан, доктор Л.Дашням, Ардын Их Хурлын депутат асан, хамба лам Д.Чойжамц, Ардын Их Хурлын депутат асан, доктор А.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсын Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун, Ардын Их Хурлын депутат асан, Геологи, уул уурхайн сайд асан доктор Ч.Хурц нар оролцож байгааг гэдгийг танилцуулав.

УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав нам дагаж хөгжихгүй, бизнесийн бүлэглэл дагаж улс өсөхгүй гэдэг нь сүүлийн хэдэн жил тодорхой болсон тул хэсэг хүмүүс нэгдэж өнгөрсөн сарын 26-ны өдөр “Жудагт Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан гэдгээ хэллээ. Геологи, уул уурхайн сайд асан доктор Ч.Хурц Монгол Улсын геологийн салбар нь зэсийн уурхайн хамтаар “Эрдэнэт” хотыг байгуулсан шилдэг туршлагатай, 1960-1990 оны хооронд нийт баялгийнхаа 50 хувийг судалж, тогтоосон, 1990 онд уул уурхайн салбар 5000 гаруй инженер, мэргэжилтэнтэй байсан бол өнөөдөр энэ салбарт төр засгаас онцгой анхаарал хандуулах цаг болсныг онцолсон.  Ардын Их Хурлын депутат, академич С.Нарангэрэл “1992 онд батлагдсан Ардчилсан, шинэ Үндсэн хуулиар шударга нийгмийг бүтээх бололцоо бүрдсэн хэмээн үзэж байсан ч өнөөдөр хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Тиймээс энэ гажуудлыг зөв гольдролд нь оруулахад хувь хүний үүднээс, хуульч, багшийн хувиар гар бие оролцох нь зүйтэй хэмээн үзэж “Жудагт Монгол” хөдөлгөөнийг үүсгэн санаачлагчийн нэг болсон” гэлээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог, энэхүү хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид нь анхны ардчилсан сонгуулиар иргэдийг төлөөлөн ажиллах эрх авч байсан, төрийн бодлого тодорхойлж, шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан төрийн зүтгэлтэнүүд болохыг дурдсан. Эдгээр хүмүүс  улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө ард түмний дуу хоолой, индэр болж ажиллах зорилгоор нэгдсэн бөгөөд нийгэм, улс төрийн амьдралд чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт ард түмний оролцоог хангахад анхаарах болно гэв.

Б.Туул

相关新闻