Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд иргэдийн саналыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-02 15:50:49

“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой иргэдийн саналыг tbbhoroo@parliament.mn, hogjiliinbodlogo@parliament.mn, ajiliinheseg@parliament.mn цахим шуудангийн хаягаар  авч байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдэгдэв.

УИХ-ын даргын өнгөрсөн оны 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ дахь нам, эсвлийн бүлгийн дарга нар ахлан, нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг НҮБХХ-ийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр гарган эхний шатны ажил дуусгавар болсон юм.

УИХ-ын даргын энэ оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийг шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэд, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн төлөөллийг оролцуулан ажиллаж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулсан. Мөн уг тогтоолын төсөлд санал авахаар  Засгийн газарт 11 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлээд буй.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг төслөөр эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллага, улс төрийн нам, төрийн болон бус байгууллага, олон улсын  байгууллагын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулсан бөгөөд иргэдийн саналыг авч төсөлд тусгах зорилгоор  www.parliament.mn, www.open.parliament.mn веб хуудсанд төслийг байрлуулсан аж.

Б.Туул
 

相关新闻