Хэнтийд албан ёсны зөвшөөрөлтэй 110 гадаад иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй 110 гадаадын иргэн бүртгэлтэй ажиллаж, амьдарч байгаа бөгөөд өмнөх онуудтай харьцуулахад энэ тоо буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг зөвшөөрлийн ангиллаар нь авч үзвэл:
- Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гурван иргэн
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй 65 иргэн
- ОУБайгууллагын шугамаар гурван иргэн
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүл буюу дагаж ирсэн 16 иргэн
- Шашны шугамаар нэг иргэн
- Гадаадын хөрөнгө оруулагч 11 иргэн
- Цагаач гурван иргэн тус тус байдаг аж.
Гадаадын иргэн харъяатын газрын зүүн бүс дэх газрын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Дэлэг ярихдаа “Албан бусаар орж ирсэн гадаад иргэдийг илрүүлэх ажил тодорхой төлөвлөгөө, иргэдийн мэдээллийн дагуу хийгддэг. 2018 оны тавдугаар сарын 15-нд хийсэн шалгалтаар 14 иргэн жуулчны ангиллаар орж ирээд уул уурхайд хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж буцаасан. Он гарсаар хууль бус оршин суусан, визний зөрчилтэй зэрэг нийт 25 хятадын иргэнийг албадан гаргасан. Албадан гаргасан иргэд хуулиар гурван жил дахин Монгол Улсруу нэвтрэх эрхгүй болдог” гэлээ.
Д.Одонтунгалаг