УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-25 18:22:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Австри Улсын Элчин зөвлөх, Австрийн соёлын форумын дарга Арнолд Обермаяарыг хүлээн авч уулзаж хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.

Соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн салбарт ойр нягт харилцаатай явж ирсэн хоёр орны харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл дүүрэн байгаагаа салбарын сайд онцлоод энэ удаад Элчин зөвлөхтэй биечлэн уулзаж соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Дэлхий дахинаа сонгодог урлаг, дуурийн урлагаар алдартай Австри Улстай Монгол Улс нь урлаг, соёл, боловсролын салбарт ойр нягт хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Австрийн соёлын өдрүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, урлаг хөгжмийн салбарт суралцдаг оюутнуудад түлхүү Засгийн газрын тэтгэлэг олгодог, түүнчлэн Богд хааны музей, Соёлын өвийн төв, УДБЭТ зэрэг соёл, урлагийн байгууллагатай өндөр түвшинд хамтран ажиллаж буйг Элчин зөвлөх Арнолд Обермаяар онцлоод тус улсын тэргүүлэх компаниудын нэг “Ваагнер Биро” компанийн Азийн борлуулалтын дарга Хесүс Изабелыг танилцууллаа. 
160 гаруй жилийн түүхтэй тус компани нь соёлын салбарт бүтээн байгуулалт хийдгээрээ улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг бөгөөд ОХУ, БНХАУ зэрэг олон орны соёлын объект ялангуяа театрын тайз, тоног төхөөрөмж, сэргээн засварын ажлыг хийж байжээ. Энэ удаад Австри Улсаас манай улсад үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар салбарын сайдтай санал солилцлоо. 
Соёл, урлагийн бодлогыг дэмжих чиглэлээр ялангуяа түншлэгч байгууллагуудтай бодлогын түвшинд хамтарч ажиллан, үйл ажиллагааны хүрээг агуулгаар нь баяжуулах сонирхолтой байгаагаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлээд УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлж, эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. 

相关新闻