Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан нэг дор иргэдэд үйлчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн ХХҮГ-аас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчлах “Иргэн танд үйлчилье” өдөрлөг, арга хэмжээг аймгийн БТСГ-ын “А” зааланд өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын /ХНХ/ салбар байгууллагууд болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв мөн аймгийн ЗДТГ, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонууд хамтран оролцлоо. Мөн өдөрлөг, арга хэмжээнд зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, Улаанбаатар хотын “Эрхэм чанар” протезийн үйлдвэр, “MGG” чих, хамар, хоолойн эмнэлгийн төлөөлөл, ХХҮГ-ын эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн төлөөллүүд оролцсон юм.
Үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн удирдлагууд, бусад төлөөлөгчид оролцож, энэ үеэр ХНХ-ын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, бусдыгаа манлайлж яваа ажилтан, албан хаагчдыг ХНХЯамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулав.
Түүнчлэн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан үйл ажиллагаагаа тогтмол эрхлэн, амьдралаа дээшлүүлж яваа 10 иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, ХХҮГ-аас “Батламж” бичиг гардууллаа.
Тус арга хэмжээний үеэр салбар дөрвөн байгууллагуудын ажилтан, албан хаагчид байгууллагынхаа үйл ажиллагаа, хууль тогтоомжуудыг сурталчлан, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай байдлаар үзүүлснээс адна “Эрхэм чанар” протезийн үйлдвэр, “MGG” чих, хамар, хоолойн эмнэлгийг төлөөлөгчид иргэдтэй уулзаж, шаардлагатай байгаа протезийн үйлчилгээг үзүүлсэн юм. Мөн ХХҮГ-ын санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ.
Д.Одонтунгалаг