Ц.Идэрбат: 2017 онд хог, 2018 онд СӨХ, 2019 онд нийтийн тээвэр...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-05-29 13:19:31
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат 2017 онд Хэрлэн сумын хогны асуудлыг шийдвэрлэн шинэ менежмент хийж чадсан. Харин 2018 онд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг шинэчилэн, ажил үйлчилгээг нь шинэ шатанд гарган ажиллаж байна. Ирэх онд хотдоо Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа. Тэрбээр саяхан Улаанбаатар хотод ажиллаад ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ талаар болон Чингис хот, Хэрлэн суманд өрнөж буй зарим бүтээн байгуулалт, томоохон ажлуудын талаар түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ажиллахдаа ямар ажлуудыг амжуулав. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Ирэх оны хөрөнгө оруулалт, энэ хавар зун хийгдэх ажлынхаа эхлэлийг тавихаар Улаанбаатар хотод ажиллаад ирлээ. Нэгдүгээрт, Нийтийн тээврийн асуудлыг шинэлэг хэлбэрээр (Монголд үйлдвэрлэгдэх цахилгаан автобус) зохион байгуулах талаар сүүлийн хэдэн сар утсаар холбогдож, и мэйл солилцож байсан Монгол Улсын зөвлөх инженер Д.Жаргалсайханы хамт УИХ-ын гишүүн Д.Гантулгатай уулзаж хамтран ажиллахаар боллоо. Найман цаг цэнэглэж, 100 км явах боломжтой энэ эко автобусыг Чингис хот дотор долоон чиглэлд явуулна. Харин энэ долоон чиглэлийг иргэдээс санал авч сонгоно. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүнтэйгээ 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулах ажлын талаар санал солилцлоо. Хоёрдугаарт, Хэрлэн сумын хэмжээнд ашигт малтмалын лиценз эзэмшигчидтэй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын хүрээнд хамтран ажиллаж, найман аваргатай цэцэрлэгт хүрээлэнг засаж сайжруулахаар боллоо. Гуравдугаарт, Өнгөрсөн гуравдугаар сард Хэнтий аймагт хүрэлцэн ирж бидний ажилтай танилцаж, цаашид хамтран ажиллах талаарх саналыг минь нааштай хүлээж авч, төслөө боловсруулаад ирвэл шийдэх тал дээр анхаарах, зүтгэх талаараа хэлж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчтэй уулзаж, хоёр сарын хугацаанд бэлтгэсэн “Чингис хотын гэр хорооллын жорлонг сайжруулах” төслөө хүлээлгэн өгч, ирэх долдугаар сард албан ёсны хариуг авахаар боллоо.

-Чингис хотын хэмжээнд хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажлуудаас онцолвол?
-Чингис хотод дулааны цахилгаан станц, бохирын цэвэрлэх байгууламж барих ажил гадаадын зээл тусламжаар саадгүй явагдаж байгаа. Иргэдээс хамгийн их санал авсан эгнээ гудамжны хотгор, гүдгэрийг тэгшлэх “Мянган нуурын хотгор” төсөл энэ жил үргэлжилнэ. Өнгөрсөн 2017 онд эхэлж, Хэрлэн сумын нэг, гуравдугаар багт орон нутгийн 60 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн. Гүйцэтгэгчээр нь “Харгуй” ТӨҮГ ажилласан юм. Харин энэ жил Хэрлэн сумын 2,4,5 дугаар багт хийнэ. Энэ ажилд шаардлагатай төсвийг 2018 оны Улсын төсөвт оруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Гантулгад тавьж, улсын төсөвт 150 сая төгрөг суугдсан. Энэ жилийн гурван баг маань орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбай ихтэй багууд учраас өнгөрсөн 2017 онд хийгдсэн ажлын алдаа дутагдлуудыг ахин гаргахгүй байх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр бидний амласан “Мянган нуурын хотгор” төсөл бүрэн хэрэгжиж дуусна. Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг онцолж болно. Бид жилдээ гурван цамхагт гэрлийг хотдоо тавьж, нийтдээ таван багт 16 цамхагт гэрэлтэй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил гурван цамхагт гэрлийг 64 сая төгрөгөөр тавьсан. Энэ ажил маань 2020 он хүртэл үргэлжилж, гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудлыг арай өөр түвшинд бий болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Түүнчлэн гэр хорооллын хаягжилтын ажил өнгөрсөн жил Хэрлэн сумын 1,2,4,5 дугаар багийн 2000 гаруй өрхөд хийгдсэн. Харин энэ жил 1,3 дугаар багийн 1000 гаруй өрхөд хийгдээд дуусна. Ингэснээр Хэрлэн сумын гэр хорооллын бүх айл өрхийн хаягжуулалтын ажил дуусна. Үүнээс гадна өнгөрсөн онд бид Чингис хотын хогны асуудлыг шийдвэрлэхээр ажилласан. Гурван үе шаттайгаар төлөвлөгдсөн энэ ажлын маань хоёр үе шат амжилттай хэрэгжиж, гурав дахь шат нь судалгааны түвшиндээ явж байна.

-СӨХ үйл ажиллагаа явуулаад эхэлчихлээ. Энэ талаар тодруулах уу?
-Энэ 2018 оны эхний хагас жилд Чингис хотын “Өндөрхаан” СӨХ-ны үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж, СӨХ-ны үйл ажиллагааг энэ сарын нэгний өдрөөс албан ёсоор явуулж эхэлсэн. Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг СӨХ-ны үйл ажиллагааг шинэчлэх ажлыг зохион байгуулж, улсын шилдэг СӨХ-доос туршлага судалж, илүү боловсронгуй байдлаар нутгийнхаа хөрсөнд буулгалаа. Бид өнгөрсөн 3-р сард СӨХ-ны бүх гишүүдийн хурлаа хийж, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгож, цаашлаад удирдлагуудаа сонгож, төрийн байгууллагаа түшиглэсэн Сууц өмчлөгчдийн холбоотой боллоо. Төрийн зүгээс ч бид дэмжээд 2018 оны аймгийн төсөвт 220 гаруй сая төгрөг, сумын төсөвт 130 гаруй сая төгрөгийг төсөвлөж, нийтдээ 350 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр 20 гаруй байрны 50 гаруй орц, 30 гаруй байрны гадна тохижилтын ажлыг хийж, орон сууцнуудын гэрэлтүүлэг, камержуулалт, дээврийн засварын ажлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. СӨХ-ны байр давхар дэлгүүрийн баруун талын улаан байрны подвальд ажиллаж байгаа. СӨХ-ны менежер, байрны үйлчлэгч нар байнгын үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Дараагийн бас нэгэн томоохон ажил нь Чингис хотын авто тээврийн замын сүлжээг сайжруулах ажил юм. Энэ ажлын хүрээнд манай хотод нийт 20 гаруй км зам тавигдана. Замын ажил 2019 онд эхэлнэ. Дээрээс нь бид Чингис хотын дөрвөн байрлалд дахин төлөвлөлтийг хийхээр төлөвлөлөө. Эхний төлөвлөлтийг Хэрлэн сумын нэгдүгээр багт /банкны байр/ хийж, дэд бүтцийг нь сайжруулахаар ажиллаж байна. Ямар ч байсан энэ намартаа дэд бүтцийнх нь асуудлыг бүрэн шийдэж, дараа хавраас барилга усралтын ажил эхэлнэ.
Д.Одонтунгалаг
相关新闻