“Монголын Үндэсний балет” II уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-30 17:20:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны ивээл дор Монголын Үндэсний балет улсын II уралдаан энэ сарын 28-29-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.

“Монголын балетын хөгжил” сан нь бүжигчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, залуу уран бүтээлчдийг нээн илрүүлэх, балетын урлагаар дамжуулан соёл урлагийн боловсролыг хүүхэд залуучуудад олгох зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээнд Дархан-Уул аймаг болон орон нутгаас багийн төрөлд хүүхдүүд өрсөлдсөнөөс гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний балет сургууль, Хөгжим бүжгийн консерватори, Силфида, Классик, Тулиф балет сургууль, УДБЭТ-ын бүжигчид зэрэг улсын хэмжээнд нийт 150 гаруй балетчин хүүхэд ур чадвараа сорилоо.



Тэмцээний ерөнхий шүүгчээр ХБНГУ-ын “Steats Ballett Berlin” компанийн гоцлол бүжигчин, шүүгч Надя Саидакова, шүүгчээр БНХАУ-ын Шанхай хотын “Шанхай олон улсын тэмцээн”-ий хүндэт гишүүн, Япон улсын Асами Маки балет компанийн гоцлол бүжигчин Шао Зи Жун, Сингапур улсын Залуу бүжигчдийн төвийн захирал Ванг Яан, Солонгос улсын “Youth Ballet Stars” компанийн захирал Жу Мин Сон, “Монголын Балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ Д. Алтанхуяг, УДБЭТ-ын туслах найруулагч Х.Гэрэлчимэг, СУИС-ийн БУС-ийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч Д.Алтантуяа нар ажиллалаа.
Энэхүү тэмцээний 12-14, 15-18 насны төрөлд оролцсон хүүхдүүдийн финал болон шагналт байрт шалгарсан хүүхдүүд энэ сарын 30-наас 6 дугаар сарын 01-нд болох  “Балетын олон улсын анхдугаар тэмцээн”-д оролцох эрхээ авсан юм.

Тэмцээний 6-8 насны багийн төрөлд Монголын Үндэсний балет сургууль тэргүүлсэн бол 9-11 насны ангилалд Б.Эмүжин, 12-14 насны ангилалд А.Баяржавхлан, 15-18 насны ангилалд О.Даваажав нар тус тус тэргүүн байр эзэлж алтан меалийн эзэд болов.

“Монголын Үндэсний балет” III уралдааныг 2019 оны гуравдугаар сарын 10-11-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор


相关新闻